Олон улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчлөлийн тухай️ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс /ХӨСҮТ/ мэдээллээ.
Тодруулбал, "Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ДЭМБ/-д мэдээлсэн байна.
2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн Бельги, Канад, Герман, Франц, Итали, Португал, Испани, Швед, ИХ Британи, АНУ гэсэн 10 улсад тархаад байна.
Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна.
Тавдугаар сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байгаа"-г дурджээ.
Уг халдварт өвчин цаашид бусад орнуудад тархах магадлалтай гэсэн ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээ гарчээ.
Сармагчны цэцэг өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар вирусээр бохирлогдсон эд зүйлсээр халдвар тархах эрсдэлтэй. Гарын ариун цэврийг сайтар сахиж савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөжээ. Өвчний шинж тэмдэг нь идээт болон цэврүүт тууралттай байна.
ДЭМБ-аас халдвар бүртгэгдсэн улс орнуудад зорчих, худалдаа хийх хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзжээ.