Олон улсын музейн өдөр өчигдөр тохиолоо. Олон улсын музейн зөвлөл 1977 онд уг өдрийг санаачлан, зарлажээ. Түүнээс хойш жил бүр энэ өдөр тодорхой уриалга дэвшүүлж, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Энэ жилийн хувьд уриалга нь “Музейн хүч нөлөө” байв. Үүний хүрээнд Улаанбаатар дахь музей, үзвэр, үйлчилгээний газрууд нэгдэн өчигдөр Монгол үндэсний музейн урд талын задгай талбайд үзэсгэлэн, шинэ номын танилцуулга зэргийг зохион байгуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчиллаа. Манай улсад өдгөө төрийн өмчийн 12, орон нутгийн чанартай 265 музей байдаг аж. Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, ШУА зэрэг 16 байгууллага дэргэдээ музейтэй. Түүнчлэн хувийн хэвшлийн 10 гаруй музей бий гэнэ.
Монгол Улс өнгөрсөн онд анх удаа Музейн тухай бие даасан хуультай болсон. Ингэснээр соёлын өвийг хамгаалахад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдсэн ч музей үздэг хүний тоо хангалттай хэмжээнд хүрэхгүй байгааг өдөрлөгт оролцогчид онцоллоо. Үүнийг шийдэхийн тулд музейн ажилтнууд үзмэрүүдийнхээ дэглэлтийг шинэлэг, сонирхолтой, орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд анхаарч байгаа аж. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухаан, түүх, газар зүйн хичээлийг музейд явуулдаг жишгийг дэлгэрүүлэх нь зүйтэйг онцоллоо.
Ташрамд дурдахад, Олон улсын музейн зөвлөлд одоогоор 138 орны 44 686 мэргэжилтэн нэгджээ.