Жил бүр 50-60 хүүхэд хавдраар эндэж байна
Хүүхдийн хорт хавдар гэнэт өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихээгүй. Үүнийг эмч нар сүүлийн жилүүдэд байнга ярьж, анхааруулсаар ирсэн. Төр, засгийнхнаас туслаач гэж ч гуйж байлаа. Харамсалтай нь, тэднийг хэн ч сонсоогүй. Ямар сайндаа л улсын хэмжээний хүүхдийн ганц эмнэлэг нь хавдартай өвчтөнүүдээ хүчрэхээ байж, эцэг, эхчүүд гудамжинд уйлж суух вэ дээ. Хүүхдийн хорт хавдар 20 жилийн өмнөхийг бодвол 10 дахин нэмэгдсэн гэдгийг ЭХЭМҮТ-ийнхөн хэлсэн. Өмнө нь 1-2 төрлийн л хорт хавдар хааяа нэг оношлогддог байж. Харин эдүгээ төрөл нь олшрохын хэрээр өвчлөл ч нэмэгджээ.
Манай улс саяхныг хүртэл хүүхдийн хавдрын нэгдсэн судалгаагүй, тоо, баримт нь үргэлж зөрүүтэй гарч ирснийг ЭХЭМҮТ нэгтгэн, мэдээлдэг болоод буй. Үндэсний статистикийн хорооныхны хэлснээр 0-1 насны хүүхдийн хавдрын тохиолдол 2016 онд 131 байсан бол 2020 онд 606 болж нэмэгдсэн байх жишээтэй. Тэгвэл 1-4 хүртэлх насанд уг өвчний тохиолдлын тоо 2016 онд 944 байснаа 2019 онд 1053 болж өсжээ. Ерөнхийдөө 5-9, 10-14, 15-19 насанд хорт хавдрын тохиолдол жилд дунджаар 100-150-иар нэмэгддэг юм байна. Эдгээр тоо цаашид ч өснө гэдгийг ЭХЭМҮТ-ийнхөн судалгаандаа онцолж.
Тэгвэл юунаас болоод хүүхдийн хавдар нэмэгдээд байгаа юм бол. Хэдийгээр хүүхдийн хавдрын тохиолдлын тоо цөөн мэт харагдавч насанд хүрэгчдийнхтэй харьцуулшгүй эмзэг асуудал гэдгийг эмч нар хэлж буй. Дэлхийн хүүхдийн хавдрын нийгэмлэгээс гаргасан судалгаанаас үзвэл зонхилон тохиолддог хавдрын 95 хувийнх нь шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байна. Ихэнхдээ удамшлын шалтгаантай үүсдэг ч хэзээ, яаж, яагаад бий болдгийг шинжлэх ухаан одоо болтол тайлаагүй гэсэн үг. Нөлөөлөх хүчин зүйлийн тоонд мэдээж агаар, орчны бохирдол ордгоос гадна эцэг, эхийн ген, хорт зуршлын хэрэглээ, хүнсний аюулгүй байдал хүртэл хамааралтайг ЭХЭМҮТ-ийнхөн хэлсэн.
Хүүхдийн хавдар ганц манайд бус, улс болгоны тулгамдсан асуудал аж. Дэлхий даяар жил бүр 300 мянган хүүхэд хорт хавдарт өртдөг гэсэн судалгаа ч бий. Тэгвэл дэлхийн хэмжээнд хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд осол, гэмтэл, удаах нь хавдар орох болсныг ДЭМБ-ын Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг мэдээлжээ. Тус байгууллагынхан 2018 онд 185 улсад судалгаа хийхэд хүүхдийн хавдар Австралид хамгийн их оношлогддог бол үүнээс шалтгаалсан нас баралт Ази тивд хамгийн олон бүртгэгдсэн байна.
ДЭМБ-аас улс орнуудад хүүхдийн хавдрын эмчилгээний загварыг илүү боловсронгуй болгох, эмийн хүртээмжийг сайжруулах, эрт оношлох, эмч, эмнэлгийн ажилтны ур чадварыг сайжруулах гэсэн дөрвөн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх үүргийг 68 дугаар чуулганы үеэрээ өгсөн байдаг. Мөн 2018 онд дахиад улс, орнуудын Засгийн газарт хандан “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр” боловсруулснаа мэдээлсэн билээ. Үүний хүрээнд 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээшлүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавиад буй. Тэгвэл манай улсад хүүхдийн хорт хавдрын эмчилгээний чанар, хүртээмж ямар түвшинд байгааг одоо сийрүүлье.
2015 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар хавдартай хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төвөөс ЭХЭМҮТ рүү шилжүүлсэн байдаг. Энэ нь хүүхдийн эмч нар илүү үр дүнтэй эмчилнэ гэх дэлхийн чиг хандлагыг дагасан хэрэг. Харин хүүхдийн тархины хавдрын мэс заслыг улсын хэмжээнд мэдрэл, зүрх, судасны нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийсээр буй. Ерөнхийдөө туяа эмчилгээнээс бусдыг нь буюу хүүхдэд тохиолдож буй бүх төрлийн хавдрын мэс засал, химийн, хөнгөвчлөх эмчилгээг ЭХЭМҮТ-д хийдэг болсон.
Өндөр хөгжилтэй орнуудад хавдрын эмчилгээний үр дүн 80-90 хувьтай байхад ядуу, буурай оронд энэ үзүүлэлт 3-4 дахин бага аж. АНУ гэхэд шалтгаан нь тодорхой хавдрыг бүрэн эмчлэх зорилт дэвшүүлэн, түүндээ хүрэхэд тун ойртжээ. Манай улсад хүүхдийн холбох ба бусад зөөлөн эдийн, яс болон үе, мөгөөрсний, өөхөн эдийн, тархи, төв мэдрэлийн тогтолцооны, бусад хэсгийн хоргүй хавдар зонхилж байна. Харин хорт хавдрын дотор тунгалгийн цус төлжүүлэх, энэ төрлийн өмөн буюу цусных, нүд түүний дайвар, зөөлөн эдийнх, тархи, нугасных зонхилон оношлогдож буйг “Монгол Улс дахь хүүхдийн хавдрын өвчлөл” судалгаанд дурджээ. Ийм хавдартай хүүхдүүдийн амьдрах чадвар, эмчилгээний үр дүнг тус судалгаанд “улаанаар” тэмдэглэсэн байна. Цусны хорт хавдар нь 3-4 төрөл бөгөөд 70-80 хувь нь лимфолейкоз буюу цагаан эсийнх аж. Өвдсөн хүүхдийг хянах дундаж хугацаа 2.7 жил, амьдрах чадвар нь 69.6 хувьтай байгааг эл судалгаанд тэмдэглэжээ. Манайх шиг хөгжиж буй орны хувьд энэ нь өндөр үзүүлэлт бөгөөд ДЭМБ-ын 2030 он гэхэд хүүхдийн хавдрын эмчилгээний чанарыг 60 хувиас дээшлүүл гэсэн зорилтыг ямартай ч биелүүлсэн гэж үзэж байна. Үүнийг ирэх арван жилд 90-95 хувьд хүргэх боломжтойг ч ЭХЭМҮТ-ийнхөн хэлж байлаа.
Тэгвэл мезотел, зөөлөн эдийн хорт хавдартай хүүхдийг дунджаар 2.2 жил эмч хянадаг бөгөөд эмчилгээний үр дүн нь 72.2 хувьтай байгаа аж. Тархи, нугасны хорт хавдрын үед 1.3 жил хяналтад байлгадаг гэнэ. Харамсалтай нь, тэдний 53.3 хувь нь буюу хоёр хүүхэд тутмын нэг нь нас бардаг байна. Тиймдээ ч манай улсын нэн тэргүүнд анхаарах асуудал нь тархины хавдартай хүүхдийн эмчилгээний үр дүнг сайжруулах явдал гэдгийг эмч нар хэлсэн. Эхний ээлжид мэс заслын үр дүнг нэмэгдүүлэх, эрт оношлох нь чухал ажээ. Жил бүр хавдрын улмаас 50-60 хүүхэд эндэж байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно. Нэг ч гэсэн иргэнээ аврахын төлөө улс даяар зүтгэх ёстойг ЭХЭМҮТ-ийн ерөнхий зөвлөх, доктор Ш.Энхтөр хэлсэн. Тэрбээр “Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд эхлээд хэд хэдэн асуудлыг ярьж, шийдэх хэрэгтэй. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2015 онд 1000 амьд төрөлтөд 18.3 байсан. Засгийн газрын “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т үүнийг 2020 онд 15, 10 жилийн дараа ес болгож цөөрүүлэх зорилт дэвшүүлсэн. Улсын хэмжээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дунджаар 1400 орчим бүртгэгдэж байна. 200 нь зам, тээврийн болон ахуйн осол, гэмтэл, 600 орчим нь жирэмсний явцад болон төрсний дараах, сэргийлж болох тохиолдлоор эндсээр буй. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны үйлчилгээг зөв зохион байгуулахаас эхлээд эцэг, эх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай” гэсэн юм.
Мөн тэрбээр “Манайд 2030 он гэхэд жилд дунджаар 200 орчим мянган эх амаржих төлөвтэй. Тиймээс алс хэтээ бодож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн зөв зохион байгуулах, хүний нөөц, хангамжийн асуудлаа яаж шийдвэрлэхээ одооноос төлөвлөх ёстой. ДЭМБ хүүхдийн хавдрын эмчилгээний чанарыг хоёр дахин сайжруулахыг гишүүн орнууддаа зөвлөсөн. Хавдрыг эмчлэх дундаж хугацаа 2-3 жил байдаг. Гэтэл зарим хүүхэд жилд таваас олон удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эмчилгээний явцад хавдрын эс задрах, зүрхний булчингийн үрэвсэл, бөөрний дутагдал, уушгины хатгалгаа зэргээр өвчин нь хүндрэх тохиолдол ч цөөнгүй. Тиймээс төр, засаг хавдартай хүүхдүүдийг асарч, эмчлэх чадавхаа бүрдүүлэх шаардлага тулгараад удсан. Хэдийгээр эмнэлгүүд сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмжөөр хангагдаж буй нь сайн хэрэг ч урвалж, бодисууд тасалдах асуудал одоо ч хэвээр” гэж ярив.
Энэ мэтээр манай улс ДЭМБ-ын хүүхдийн хорт хавдрын дөрвөн үндсэн зорилтыг хангахуйц тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн суурь ба хүрэх түвшнийг тогтоох, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээний зардлын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх, тасралтгүй хангах, эмч, мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл, хөшүүргийг бүрдүүлэх зэрэг томоохон ажлуудыг шат дараатай хийх шаардлагатай аж.
Улс, орны хөгжил, төрөөс зорилтот бүлгийнхэнд тавих анхаарал, зарцуулж буй хөрөнгө зэргээс шалтгаалж хавдрын өвчлөлийг хязгаарлах боломжтой гэж олон улсад үздэг. Хавдартай хүүхдүүдээ “хаядаггүй”, хамгаалж, авардаг төртэй болох сон. Монголд эмчилдэггүй гээд “нуруугаа харуулан” хандив гуйлгах бус, төр зардлыг нь даадаг баймаар сан.