Засгийн газрын шийдвэрээр 2001 онд Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авсан. Ингэхдээ хамгаалалтын бүсийг хоёр га-гаар тогтоосон аж. Гэтэл 2007 онд музейг удирдаж байсан хүмүүс 800 ам метр газрыг хувийн хэвшилд ашиглуулах гэрээ байгуулж, авто зогсоол болгожээ. Ингээд зогсохгүй, хувийн хэвшлийн авто зогсоол болгосон газрын төлбөрийг өдий хүртэл 13 жилийн турш тус музейнхэн улсад төлсөн аж. Гэвч зогсоолын төлбөрөөс нэг ч төгрөг тус музейн дансанд тушааж байгаагүй гэнэ.
Харин 2014 оноос музейн удирдлага уг газраа эргүүлэн авах асуудлаар шүүхэд ханджээ. Улмаар олон шат дамжлага дамжиж явсаар 800 ам метр газраа арайхийн буцаан авах болсон байна. Буцаан авсан уг газартаа иргэд, амрах талбай, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн аж. Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах зорилгоор энэ оны төсөвт 1.7 тэрбум төгрөг тусгажээ.