Хүмүүс өвдөхөөрөө эмчид хандаж эмчилгээ бичүүлдэг. Гэхдээ тухайн хүнийг эдгээх гол ажлыг гагцхүү сувилагч л нугалдаг. Ер нь сувилагч хүн хорвоод дөнгөж мэндэлсэн хүүхдээс эхлээд бүх хүнд амьдралын бүхий л хугацаанд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлдэг. Өнөөдөр олон улсын сувилагчийн өдөр тохиож байна. Тиймээс бид П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Уушги судлалын тасагт сувилагчаар тасралтгүй 14 жил ажилласан А.Оюунжаргалыг урьж ярилцлаа.
-Юуны өмнө танд олон улсын сувилагч нарын баярын өдрийн мэнд хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцана уу ?
-Баярлалаа. Жил бүрийн энэ өдрийг хамт олонтойгоо сайхан тэмдэглэн өнгөрүүлдэг. Хамт олондоо болон эмнэлгийн салбарт ажилладаг нийт сувилагч нартаа баярын мэнд хүргэе.
-Анх яагаад сувилагчийн мэргэжлийг сонгох болсон бэ?
-Хамгийн сонин нь сувилагч гэдэг мэргэжил байдгийг огт мэддэггүй байсан. Хүн өвдөхөөр эмч л тариа хийдэг гэж ойлгодог байлаа. Одоо бодохоор инээдтэй санагддаг. Би багадаа эршүүд хүүхэд байсан болохоор цагдаагийн сургуульд орно л гэж боддог байв. Тиймдээ ч өөрийгөө эрүүл мэндийн салбарт ажиллана гэж төсөөлж байгаагүй.
Миний ээж эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан учир сувилагч болгох шийдвэрийг намайг 10 дугаар ангиа төгсөх жил гаргасан. Тэгээд сувилахуйн сургуульд шалгалт өгч тэнцэн, сувилагч болох гараагаа эхэлсэн юм.
Оюутны дадлага хийх хугацаандаа өвдсөн хүмүүст сувилагчийн тусламж асар их хэрэгтэйг ойлгож тууштай суралцахаар шийдсэн.
Би ажлын анхны гараагаа П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийнУушги судлалын тасгаас эхэлж, тасралтгүй 14 жил ажиллаж байна. Сувилагч гэдэг мэргэжлийг эзэмшсэн өөрөөрөө болон хамт олноороо маш их бахархаж явдаг. Учир нь сувилагч хүн бүх зүйлд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Өөрөөр хэлбэл, сувилагчийн ажил дайчилгаа ихтэй гэж ойлгож болно. Миний зан араншинд сувилагч мэргэжил тохирдог.
-Өдөрт хичнээн өвчтөнд тусламж үзүүлдэг вэ?
-Өвдөж, шаналсан нэгэнтэй хамгийн ойр байдаг хүн нь сувилагч. Хүмүүст чин сэтгэлээсээ хандаж, ээж аав шигээ хайрлаж, эмчилбэл хурдан эдгэдэг гэдгийг биеэрээ мэдэрсэн. Цаашид энэ мэргэжлээрээ туушдаа ажиллана гэж боддог. Өөрөөр хэлбэл, өвчтөнтэй найрсаг харилцаа үүсгэж, ойр дотно байдаг хүмүүс бол сувилагч. Бид ойролцоогоор өдөрт 35-40 хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн коронавируст цар тахлын халдварын үеэр иргэдээ эмчлэхийн төлөө гэртээ харихгүй 21 хоног эмнэлэгт байрлаж ажиллаж байв.
-Өвчнөө ялсан үйлчлүүлэгчээ хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Таны сэтгэлд хамгийн ойр үлдсэн үйлчлүүлэгчээ дурсвал.
-Хүмүүс эмнэлэгт өвдөж, шаналж ирээд эдгэдэг. Улмаар баярласан сэтгэгдлээ илэрхийлээд явах л сайхан. Тэр болгонд урамшдаг. Заримдаа ажлын ачааллаас болоод шантрах үе тохиолдоно. Ийм үед үйлчлүүлэгч нарын “Баярлалаа” гэдэг ганцхан үг л урам өгдөг дөө.
Саяхан сэхээний тасагт нэг эмэгтэй 20 гаруй хоног хэвтсэн. Тэр өвчтөний биеийн байдал маш муу байсан юм. Миний жижүүртэй өдөр биеийн байдал нь огцом муудаж, зүрхний хэмнэл нь алдагдсан ч манай хамт олон гар нийлж, амийг нь аварсан. Одоо тэр үйлчлүүлэгчийн биеийн байдал хэвийн болсон. Эдгэрснийхээ дараахан “Амьдрал бэлэглэсэнд баярлалаа” гээд нүдэндээ нулимстай хэлэхэд нь хамт олноороо маш их бахархаж байв. “Баярлалаа” гэдэг үгийг мөн ч олон хүнээс сонсож явна.
Сувилагч мэргэжлийн хамгийн сайхан нь өвчтөн эдгээд эмнэлгээс гарсны дараа хаана ч таарсан халуун дулаанаар мэндэлдэг нь сайхан.
-Сувилагч хүний эрхэмлэж явдаг зүйл юу байдаг вэ?
-Хамт олон гар нийлж ажиллах нь маш чухал. Өөрийгөө хамгийн азтай нэгэн гэж боддог. Найрсаг, нэгнээ гэсэн сэтгэлтэй хүмүүстэй хамтран, олон жил гар нийлж ажиллаж, өвчтэй хүмүүст тусалж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Энэ л миний үнэт эрхэм зүйл. Хэрэв санаа бодол нийлдэггүй бол ажлын бүтээмж муу байх магадлалтай.
-Ярилцсанд баярлалаа