13.00 цаг. Энэ цагт хүмүүс ихэвчлэн үдийн цайгаа уудаг. Зарим нь ажиллаж, зарим нь амарч, зарим нь сурч, зарим нь инээж, зарим нь уйлж, зарим нь автобусанд яваа. Харин Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн эмч, сувилагчид хүний алтан амь аврахын төлөө гар хумхилгүй ажиллаж байв. Ахлах сувилагч Б.Оюумаа дөрөвдүгээр давхарт байрлах Хагалгаа, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн үүдэнд зориулалтын хувцас барьчихсан биднийг угтсан юм. Зөвхөн эмч, сувилагч, өвчтөн л нэвтрэх эрхтэй хагалгааны вакумжуулсан өрөөнд халдвар хамгааллын дэглэмийг дээд зэрэг баримтлах ёстой. Бид ариутгасан хувцас, малгай өмсөж, углааш углаад, амны хаалт зүүгээд хагалгааны тасагт хөл тавилаа. Эрэгтэй, эмэгтэй ажилтнууд тусдаа өрөөнд хувцсаа солих бөгөөд дотогш нэвтрэх хаалга нь ч өөр аж. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий вакумжуулсан өрөөнд тэд 2021 оны аравдугаар сард төвхнөжээ. Шил толь мэт гялалзсан, улбар шар хаалгануудын цаана хэн нэгний үхэл, амьдрал шийдэгдэж байна гэж бодохоор сэтгэл нэг л тайван биш.
Ахлах сувилагч Б.Оюумааг дагаад хагалгааны нэг өрөөнд орлоо. Тэнд аниргүй. Зөвхөн мэс заслын багаж хэрэгслийн чимээ сонсогдоно. Эмчийн хуруу хөдлөх төдийд сувилагч шаардлагатай багаж хэрэгслийг гар дээр нь тавина. Амьдралаас түр “амсхийсэн” өвчтөний царай амгалан харагдах аж. Эрлэгийн элчийг элдэн хөөх үү, ийм амгалан төрхтэй нь үүрд буцаах уу гэсэн хатуу сорилтын өмнө эмч, сувилагчид өдөр бүр нүүр тулдаг. Нэг ч гэсэн айлыг элэг бүтэн авч үлдэх гэж тэд тэмцэж байлаа. Энэ тэмцлийг эмч тархиараа, сувилагч зүрхээрээ “хийдэг” ажээ. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй үргэлжлэх, цохилох зүрх нь сувилагчид юм даа” гэж тэрхэн зуур бахархан бодов.
Хөхний төвийн мэс заслын эмч Б.Одбаяраар ахлуулсан багийнхан хөхний хортой хавдартай эмэгтэйд мэс засал хийж буй нь энэ. Тодруулбал, 63 настай эмэгтэйн баруун хөх болон суганд үсэрхийлсэн булчирхайг түүх мэс засал юм. Нэг хагалгаанд хоёр сувилагч ордог юм байна. Залуу сувилагчаа олон жилийн туршлагатай нэгэнтэй хамтран ажиллуулдаг гэнэ. Хагалгааны явцыг бүрэн хариуцдаг, мэдээгүйжүүлгийн сувилагч А.Мөнхзаяа “Би 2018 оноос энэ тасагт ажиллаж байна. Өвчтөний баруун талын хөхийг нь авч буй учраас мэс заслыг бүрэн унтуулгатай хийсэн. Миний гол үүрэг бол тухайн өвчтөнийг мэсний өвдөлт мэдрэхээс хамгаалах, зүрх, судас, даралтыг нь хянах, биеийн жин, насанд нь тохируулан эм, тариаг ямар тунтай хэрэглэх вэ гэдгийг эмчийнхээ хамт хариуцаж хянадаг. Өглөөнөөс хойш цээжний хөндийн ерөнхий мэс заслын хоёр хагалгаанд ажиллалаа” гэв. ХСҮТ-д хагалгаа, боолтын сувилагчаар зургаа дахь жилдээ ажиллаж буй С.Цэндмаа харьцангуй туршлагатай нэгэн. Тэрбээр мэргэжилдээ сэтгэл хангалуун байдгаа онцолсон. Түүнээс эл хагалгаанд ямар үүрэгтэй оролцож буйг тодруулахад “Нэгдүгээр сувилагч хагалгааны явцад багаж болон бусад бүх бэлтгэлийг хангадаг. Хоёрдугаар сувилагч мөн ялгаагүй адил үүрэгтэй ч бичиг цаасны ажил давхар хариуцна. Хоёр биенээсээ хамааралтай, нэгнээ нөхөж ажилладаг. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх төлөвлөгөөтэй байсан ч зарим шаардлагатай эм, тариа тасарснаас хойшлуулсан юм. Элэг шилжүүлэн суулгах хагалгаатай өдөр тасаг доторх мэс засал цөөрдөг. Ер нь манай тасгийнхан өдөртөө 3-7 хагалгаа хийдэг” гэлээ.
Хагалгаа гурван цаг орчим үргэлжилсний дараа өнөөх өрөөнөөс Б.Одбаяр эмч гарч ирэв. Тэрбээр “Өглөө 08.00 цагаас хойш хөхний хорт хавдартай хоёр өвчтөнд хагалгаа хийлээ. Хагалгаа амжилттай болсон. Үүний дараа сэрээх үйл явц нэн чухал. Эмнэлгийн тусламж зөвхөн эмчээр хязгаарлагдахгүй, олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Үүнд хамгийн чухал үүрэгтэй нь сувилагчид. Ачааны хүндийг үүрч буй тэдний олонх нь эмэгтэй. Сувилагч нараа хүндэлж, тусалж дэмжин, хамтран ажиллахыг зорьдог” хэмээсэн. Манай улсад зонхилон тохиолддог хорт хавдрын долдугаарт хөхнийх бичигддэг. Гэхдээ эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын дөрөвдүгээрт ордог юм. Жилд 300 орчим эмэгтэйд хөхний хорт хавдар оношлогдож байгаагаас 90 гаруй хувийг нь ХСҮТ-ийнхөн илрүүлж, эмчилж буй гэнэ. Хавдрын эмчилгээ нь зөвхөн мэс заслаар хязгаарлагдахгүй, хими, туяа эмчилгээ хавсарч байж үр дүнд хүрдгийг эмч нар хэлдэг.
“Анхаар, улаан гэрэл”. Энэ бол өрөөнд мэс засал хийж буйн дохио. Мэс заслын зургаан өрөөнд хагалгаа тасралтгүй үргэлжилсээр. Өглөөнөөс хойш эмч, сувилагч нар толгой хүзүү, хөх, уушги, цээж хэвлийн хөндий, эмэгтэйчүүдийн мэс засал гээд олон хагалгаа хийжээ. Долоо хоног бүрийн пүрэв гарагт тэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг аж. Одоогоор 52 дахь хагалгаагаа амжилттай хийжээ. Энэ мэт олон цаг үргэлжилдэг мэс заслыг хоёр өрөө дамнуулан хийдэг байна. Хөхний хорт хавдар авах хагалгааны эсрэг талын өрөөнд нэгэн өвчтөн ходоодны мэс засалд орж байлаа. Тэрбээр ходоодны хорт хавдартай бөгөөд яаралтай мэс засалд оржээ. Хоол идэж чадахгүй олон сар явсны улмаас турж эцээд яг л хүүхэд шиг жижигхэн болсон байв. Эл хагалгаанд хоёр эрэгтэй сувилагч ажилласан нь анхаарал татсан юм. Монгол Улсын хэмжээнд эрэгтэй сувилагч хуруу дарам цөөн. Харин эндхийн нэг тасагт хоёроороо ажиллаж буй нь сонирхолтой. “Манай эмнэлэгт гурван эрэгтэй сувилагч ажилладаг. Тэдний хоёр нь манай тасгийнх” хэмээн Б.Оюумаа хэлэв. Тэдний нэг Д.Бямбацогтоос сувилагчийн мэргэжлийг яагаад сонгосон талаар асуухад “Хүнтэй хамгийн ойр харилцдаг, тусламж, үйлчилгээг гардан гүйцэтгэдэг учраас сувилагчийн мэргэжил сонгосон. 10 дахь жилдээ ажиллаж байна. Эл мэргэжлийг дурлаж сонгосон учраас сайхан байдаг. Хагалгааны бэлэн байдлыг хангах, тасралтгүй үргэлжлүүлэх нь бидний үүрэг. Энэ өвчтөний тухайд хоол нь шингэхгүй, идэж чадахгүй байсаар уургийн дутагдалд оржээ. Ходоодыг нь аваад улаан хоолой, нарийн гэдсийг нь холбож залгах юм. Ийм төрлийн хагалгааг манай тасгийнхан олон хийдэг. Сүүлийн жилүүдэд хорт хавдар 30 наснаас эхэлж яригдах боллоо. Үе мөч, ясны хагалгаанд 12 настай хүүхдүүд ч орж байна” гэв.
Ходоодны хагалгааг гүйцэтгэсэн, ерөнхий мэс заслын эмч Т.Жамбал-Иш хонгилд байрлах угаалтуурт гараа угааж зогсоно. Эмч, сувилагчдын гар угаах арга, дараалал биднийхээс өөр. Гараа тохой хүртэл нь савандаж хөөсрүүлэн хэд дахин нямбай гээч нь угаана. Энэ хооронд түүнээс зарим зүйлийг лавлахад “Бид сая 50 орчим насны эмэгтэйд хооллох гуурс тавилаа. 2021 оноос хойш юм залгихад горойж, тээглэдэг гэсэн зовуурьтай байсан юм билээ. Саяхан хоол идэж чадахгүй гэсэн зовуурьтай манай эмнэлэгт хандсан. Улаан хоолойг дурандахад дээд хэсэгт хавдар илэрсэн. Цаашид дуран явах боломжгүй болсон учир яаралтай журмаар мэс засалд орууллаа. Цээжний хөндийн мэс засалд хамаарах боловч хийгдэх үйл явц нь хэвлийн хөндийд буй учраас ерөнхий мэс заслын эмч нар орсон” гэв.
Өөр нэг өрөөнд мөн л эмч, сувилагч нар ажилласаар. Тэд умайн хүзүүний хавдрын мэс засал хийж байлаа. Хагалгааны өрөөний “босс”, ахлах сувилагч Б.Оюумааг амсхийх зуур ажлынх нь өрөөнд түр саатсан юм. Хагалгаа, мэдээгүйжүүлгийн тасагт 24 сувилагч ажилладаг аж. Тэдний хурд хүч, зан аашийг нь хүртэл тохируулж ажилд хуваарилдаг гэнэ. Ажлынхаа онцлогийн талаар тэрбээр ийн ярив. “Би мэргэжлээрээ маш их бахархдаг. Сувилагчид өдөр, шөнөгүй өвчтөнтэй хамгийн ойр ажилладаг. Эрчимт эмчилгээний тасгийн өвчтөнүүд сахиургүй байдаг юм. Тиймээс сувилагч нар л тэднийг асарна. Тухайлбал, манай сувилагч нэг эмээгийн биеийг угааж өгсөн чинь “Миний хүүхдүүд ч намайг ингэж сайхан угааж, асарч байгаагүй” гээд уйлсан. Өвдсөн хүний хөл гар, толгойг нь угааж, биеийг нь чийгтэй алчуураар арчиж өгөхөд маш их баярладаг. Үүнийг л мэддэг, мэдэрдэг хүнийг сувилагч гэдэг. Сувилагч хүн сувилах л ёстой. Эм, тариагаар тасралтгүй “бөмбөгдөхөөс” илүү сувилж асрах нь эмчилгээний үр дүнг сайжруулдаг. Өвчтөнтэйгөө ярилцах, тэднийг сонсох чухал. Гэтэл нэг сувилагчид оногдох ачааллаас болж өвчтөнтэйгөө ярилцаж амжихгүй байна. Сэтгэл ханамжийн судалгаанаас харахад өвчтөнүүдийн олонх нь ярилцахыг хүсдэг гэж хариулжээ. Тариагаа хийхдээ л үйлчлүүлэгчээ сонсоод, ярилцчихдаг. Аргыг нь олоод хийвэл ямар ч ажил амждаг юм. Сувилагчаар ажиллаад 20 гаруй жил өнгөрчээ. Анх намайг ажилд ороход хагалгааны хоёр өрөөтэй л байсан. Хагалгааны өрөө олон болохын хэрээр хүн хүч шаардаж байна. Гэтэл одоо сувилагчаар ажиллах сонирхолтой хүн цөөрчээ. Сувилахуйн сургууль төгссөн хэрнээ мэргэжлээрээ ажиллахгүй залуус олон таарах юм. Аргагүй биз, өдөр бүр өвчтэй хүн асарна гэдэг амаргүй. Ядарна, цуцна, ажлаасаа халширна. Өвдсөн хүмүүс мэдээж ааш гаргана. Өвчтөнөөсөө илүү ар гэрийнхэн нь сувилагчдыг загнана. Үүнээс болж залуу хүүхдүүд халшрах нь бий. Гэхдээ ажилдаа чин сэтгэлээсээ дурласан хүн энэ мэт шалтгааныг тоодоггүй юм билээ. Хэдий сувилагчийн цалин бага ч гэлээ надад дутагдсан зүйл алга. Манай эмнэлгийн удирдлагын зүгээс ажилтнуудаа ажлын байранд нь тогтоохын тулд найрсаг харилцаа, хандлагыг чухалчилдаг. Ажлынхаа заваар зааланд тоглочихдог, салхинд гарчихна. Коронавирусийн үед сувилагч нарын ачаалал хэд дахин нэмэгдсэн ч тэр хэрээр нэр хүнд нь өссөн гэж боддог. Өмнө нь сувилагчийг эмчийн туслах, тариа тарьдаг л хүн гэх ойлголт байсан. Энэ ойлголт өөрчлөгдсөн. Сувилахуй гэж бие даасан шинжлэх ухаан. Сувилагчид өвчтөнөө үнэлдэг, үздэг, бие дааж шийдвэр гаргадаг болсон. Сувилагчид мэргэжлээ дээшлүүлэн, гадаадад сурах нь нэмэгдсэн. Манай эмнэлэг сувилагчдаа их дэмждэг. Ялангуяа залуу сувилагч нарынхаа давуу талыг олж харж, юу хүсэж мөрөөдөж буйг нь бичүүлж авдаг. Жишээлбэл, сувилагчийг гадаадад сургах боломж гарвал ийм мөрөөдөлтэй нэгнийгээ явуулдаг юм. Манайхаас хоёр сувилагч БНСУ-д магистрантур сурч байна. Нярай, унтуулга, хагалгаа, сэхээн амьдруулахын гээд нарийн мэргэжлийн сувилагч эрэлттэй. Хувийн эмнэлгийнхэн ахиу цалин амлаад тэднийг минь урвуулчих гээд байдаг юм” хэмээсэн. Ийн хэлээд “Амьдралынхаа 27 жилийг энэ л эмнэлэгт өнгөрүүлсэн, одоо ч мэргэжлээрээ ажиллаж яваа сайн сувилагчаа чамд танилцуулъя” гэсээр өрөөнөөсөө гарав. Түүнийг Ч.Цогзолмаа гэдэг. 1994 онд сувилагчийн мэргэжил эзэмшээд л ХСҮТ-д өдий хүртэл ажиллаж байгаа гэнэ. Тасагт ээлжийн сувилагчаар хоёр жил ажилласныг эс тооцвол бүх хугацаанд мэс заслын сувилагчаар ажиллажээ. Өвчтэй, ядарсан, зовсон хүмүүсийг эдгэрээд гарахад нь баярлаж үддэг тэр мэдрэмж түүнийг энэ олон жил ажиллахад нөлөөлсөн гэнэ. Тэрбээр “Мэс заслын сувилагч бусдаасаа арай илүү онцлогтой. Хамтарч баг болсон эмч, унтуулгын эмч, үйлчлэгч нартайгаа нэг зорилгын төлөө тодорхой хугацаанд нэгдэж ажилладгаараа онцлог. 27 жилийн өмнө бид өөрсдөө багаж хэрэгслээ ариутгаж, хувцсаа угаадаг байлаа. Одоо бол тусгай мэргэжлийн хүмүүс ариутгаж, угааж цэвэрлээд өгдөг. Ингэснээр тухайн мэргэжилдээ илүү чадавхжиж, мэдрэмжтэй, хариуцлагатай болж байна. Эмнэлгийн барилга ч тэр үеийнхтэй харьцуулшгүй сайхан болсон. Хагалгааны өрөөнүүдийг вакумжуулж, агаарын зөв урсгалтай систем нэвтрүүлсэн. Барууны улсад үйлдвэрлэсэн багаж хэрэгсэл ашиглаж байна” хэмээн бахархан ярив. Мэс заслын сувилагчийн ажил нь хэвийн бус нөхцөлд тооцогддог учраас 50 нас хүрээд тэтгэвэрт гарах эрх нь үүсдэг байна.
Хагалгааны тасагт хөл тавьсан л бол мэс засал хэзээ дуусна тэр цагт л гарах “эрх” нь үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, тэд хагалгааныхаа тасагт тусгаарлагдаж ажилладаг гэсэн үг. Гаднаас зөвхөн мэс засалд орох шаардлагатай өвчтөнийг нэвтрүүлнэ. Бусдаар эмч, сувилагч нар л хоорондоо харилцах бөгөөд үдийн цайгаа уух ч завгүй ажиллана. Тэдний олонх нь гэрээсээ хоол аваад ирдэг тул нэг нэгээрээ ээлжлэн цайгаа уудаг байна. Өдөрт 08.00-15.30 цаг хүртэл ажиллах хуваарьтай ч хагалгаа хэзээ дуусна тэр цагт л гэртээ харина. Ингэж илүү цагаар ажилласан ч цалин бага. Ахлах сувилагч буюу “дарга” нь нэг сард 799 600 төгрөгийн цалинтай. Харин саяхан Засгийн газрын тогтоолоор сувилагчийн цалинг 20 хувиар нэмсэн. Үүн дээр нэмээд ХСҮТ зөвхөн сувилагчийнхаа цалинг 10 хувиар ахиулсан гэнэ. Байгууллага дотоод нөөц бололцоогоо ашиглаж, эмч, сувилагчийнхаа цалинг нэмэх боломжтой болсон. Зөв менежмент хийж чадвал эмнэлгийн байгууллага хийснээрээ цалинждаг зарчимд аажмаар шилжих юм.
Хагалгаанаас гарсан өвчтөнийг сэрээх өрүү рүү оруулдаг юм байна. Тэнд хоёр цаг байлгаж, сэргэсний дараа Эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлдэг аж. Энэ тасагт л “жинхэнэ” шилдгүүд ажилладаг гэж Б.Оюумаа тодотгосон. “Эрчимт эмчилгээний мэргэжил дээшлүүлэх гурван сарын сургалтад хамрагдсан сувилагчид энд ажилладаг. Хагалгааны дараах хүндрэл гарахаас сэргийлж, хэрэв асуудал үүсвэл Эрчимт эмчилгээний тасгийнхан багаараа даваад гардаг. Энэ тасагт өдөртөө гурван сувилагч ажилладаг юм. Мөн яаралтай тусламжийн тэргэнцрийг бэлэн байлгаж, гаднаас ирж буй өвчтөнд цаг алдалгүй үйлчилдэг” гэж Эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Д.Оюун-Эрдэнэ ярив. Эрчимт эмчилгээний өрөөнд таван хүн хэвтэж байлаа. Тэдний хоёр нь улаан хоолойн хавдрын хагалгаанд оржээ. Харин вакумжуулсан тусгай өрөөнд элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөн хэвтэж байв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэс засалд оржээ. Биеийн байдлынх нь талаар асуухад “Би Төв аймгийн Сүмбэр сумаас ирсэн. ХСҮТ-ийн эмчийн хяналтад дөрвөн жил явж байгаад сая элэг шилжүүлэн суулгууллаа. Биеийн байдал сайжирч байна. Том охин минь миний донор болсон. “Охиндоо хайртай шүү, баярлалаа”. Манай Монголын анагаах ухаан их сайхан хөгжжээ. Тэр дундаа Хавдрын эмнэлгийн хамт олон мэдлэг чадвар өндөртэй, үйлчилгээ сайтай юм. Хоёр цагийн зайтай хоол өгнө. Ганцхан надад зориулж эмчилгээний хоол бэлдээд тогооч нь сувилагчаар дамжуулж өгдөг” гэв. “Шинэ амьдрал бэлэглэсэн эмч, сувилагчдаа баярлалаа” хэмээн дахин дахин хэлэхэд хоолой нь зангирч, нулимс дуслуулав. Тэрбээр хагалгааны төлбөрт хувиасаа мөнгө гаргаагүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцсан гэнэ.
16.00 цаг. Тэд мөн л хагалгаагаа хийсээр үлдсэн. Хорт хавдартай гэдгээ мэдэх, хагалгааны орон дээр ухаангүй хэвтэх, хүйтэн мэс биедээ хүргэх. Үүнийг төсөөлөхөд ч бэрх. Энэ бүхнийг сэтгэлээрээ мэдэрч, хамт шаналж, бас хамт эдгэрдэг хүмүүс бол сувилагчид аж. Өвчний өмнө хүчин мөхөстсөн нэгнийг хайрлан энэрч, асран тэтгэдэг халуун сэтгэлтнүүд. Хагалгаа дуусахад тэд гэр орондоо, өөрсдийн амьдралдаа “эргэн очдог”. Ажлын бухимдал, ачаагаа үүднийхээ цаана үлдээгээд үр хүүхэд рүүгээ инээмсэглээд ордог биз. Ингэж ч ажиллах ёстойг тэдэнд зааж сургадаг байна. Ёс зүй, сэтгэл зүйн сургалтуудад тэд байнга хамрагддаг талаар ахлах сувилагч Б.Оюумаа хэлсэн. “Хүн өөдөөс нь хашхираад загнасан ч чимээгүй л байж бай, тэгж байгаад уур нь гарна” гэж заадаг гэнэ. Мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөгөөгүй, зааваргүй бол тэр олон хүний шаналал, зовуурийг уяхан сэтгэлтэй, турьхан биетэй сувилагчид даана гэдэг угаас амаргүй.
Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр. Энэ өдөр ч тэд үхэл, амьдралын зааг дээр очсон нэгнийг аврах гээд амсхийх завгүй ажиллаж буй биз ээ. Хүний төлөө гэсэн халуун сэтгэлтнүүддээ уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.