Монголын бурхны шашинтан, сүм хийдүүдийн холбоо болон “Их хүрээ” хийдээс энэ сарын 16-нд Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх нь. Үүний хүрээнд “Бурхан шашны шинэчлэл” сэдвээр онол, практикийн бага хурал, шашин, соёл, урлагийн баяр, цэнгүүн зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ МҮЭСТО-д болно. Энэ жил илүү сартай зун болж буй аж. Билгийн тооллоор бол өдгөө зуны эхэн сарын бага сар тохиож буй бөгөөд шинийн 15-нд бурхан багш мэндэлсэн, нирваан дүр олсон, номын хүрд эргүүлсэн хэмээн үзэж, их дүйчин өдрийг тэмдэглэх нь зүйтэй гэж тус холбоо болон дээрх хийдийн хамба З.Санждорж үзэж байна.
“Аливаа шашныг шинэчлэх тухай ойлголт байх уу” гэж түүнээс тодруулахад “Шашныг онолын хувьд шинэчлэх тухай яриа байж болохгүй. Харин шашны байгууллагын удирдлага, бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай бол хэлэлцэж болно” гэв. Харин Гандантэгчэнлин хийдийн зүгээс зуны эхэн сарын их сард буюу аргын тооллоор бол ирэх сарын 14-нд дүйчин өдөр тохионо хэмээн үзэж буй аж. Өөрөөр хэлбэл, дүйчин өдрийг хоёр удаа тэмдэглэх бололтой.