Орон даяар сүр дуулиантай эхлүүлсэн эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ багагүй шүүмжлэл дагуулаад байна. Энэхүү ажлыг өрнүүлээд дөнгөж 10 хонож буй ч эрт илрүүлгийн явц, үйлчилгээнд олон иргэн сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд илэрхийлсээр. Ялангуяа 0-5 насны хүүхдийн үзлэг, оношилгоо нүд хуурсан ажил болж буйг эцэг, эхчүүд шүүмжилж, бүр эсэргүүцэж байна. Хүүхдээ үзлэгт хамруулсан эцэг, эх “Хүүхдийн өндөр, жинг хэмжээд шүдийг нь тоолоод л явуулж байна. Ямар ч эцэг, эх хүүхдийнхээ өндөр, жинг өөрсдөө хэмжчихэж чадна”, “Хүүхдүүдээс ядаж биохимийн шинжилгээ авах хэрэгтэй. Цар тахлын үед олон хүүхэд коронавирусээр өвдсөн. Ямар нэгэн эмгэг үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Нэг хүүхдийн үзлэгт 150 000 төгрөг төсөвлөсөн гэж сонслоо. Энэ мөнгийг ингэж үр ашиггүй зарцуулж байгааг эсэргүүцэж байна” хэмээсэн.
Тэдний олонх нь хүүхдүүдээс эрдэс, цус, шээсний шинжилгээ авахыг шаардаж буй юм. Ядаж л хүүхдийнхээ Д аминдэм, кальци, магни, кали зэргийн хэмжээг илрүүлэх эрдэс бодисын шинжилгээ хийлгэхийг хүсэж байна. “Эмийн сангаас дур мэдэн аминдэм авч хэрэглэдэг цаг ард хоцорсон. Зөвхөн өөрт дутагдсан аминдэм, эрдэс, бодисыг хэрэглэх нь чухал” хэмээн эмч нар зөвлөдөг. Хэрэв эрт илрүүлгээр хүүхдэдээ ямар эрдэс бодис дутагдалтайг нь мэдчихвэл тухайн аминдэмийг эмчилгээний зорилгоор уух, урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэхээ эцэг, эхчүүд мэдчих байв. Ингэж чадсан бол амьдралд ойр байх байлаа.
Харамсалтай нь, 0-5 насны хүүхдийн эрт илрүүлэгт өсөлт, зан төрхийн үнэлгээ, шүдний үзлэг, шүд угаах аргачлал, зөвлөгөө өгөхөөс өөр зүйл тусгасангүй. 6-17 насныхан ч мөн ялгаагүй. Тодруулбал, эмнэл зүйн үзлэг, биеийн хэмжилт, биеийн жингийн индекс, сүрьеэгийн эрсдэлийн болон сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ, шүдний цоорол, гаж хөгжил бий, эсэх, эрүүл ахуйн зөвлөгөө л өгөх аж. “Хүүхдийн шүдийг үзээд өнгөрөх биш, эмчлэх хэрэгтэй. “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үр дүнд хүрээгүй байхад нь зогсоосон. Дорвитой үзлэг, оношилгоо хэрэгтэй болохоос биш, өрхийн эмчийн үзлэг хангалтгүй” хэмээн иргэн С.Сэлэнгэ ярьсан. Хүүхдийнхээ өндөр, жинг хэмжүүлэхийн төлөө өрхийн эмнэлэг явж цагаа үрэх сонирхолгүй байгаагаа ээж нарын төлөөлөл хэлэв. Түүнчлэн иргэн Б “Хүн амын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээ гэсэн сайхан ажил эхэлж байгаа боловч үнэндээ нүглийн нүдийг гурилаар хуурч байна. Би өрхийн эмнэлгээс өгсөн хуваарийн дагуу хүүхдээ үзлэгт хамруулсан. Үзлэгт сэтгэл дундуур үлдсэн. Нэг ч шинжилгээ авсангүй. Жин, өндөр, толгой, бугалгын тойрог хэмжиж, хэдэн хуудас асуумж бөглөөд л үзлэг дууссан. Ядаж хүүхдийнхээ Д аминдэмийн хэмжээ, ясны сийрэгжилт, эрдсийн дутагдал, цус багадалт бий, эсэх, цаашид юун дээр анхаарахыг мэдэж авмаар байлаа. Мөн 6-17 насны хүүхдүүдээс эрдсийн шинжилгээнээс гадна шээс, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, ЭХО, нүд, шүд үзсэн бол хожим үүсэх эрсдэлээс сэргийлэх боломжтой. Ингэж Монгол Улсын нэг иргэн оношилгоо, үзлэгтээ хамрагдсан гэж ирцээ бүртгүүлж, цаадуул нь ажил хийсэн нэртэй үлдэж байна” гэв. Тэрбээр энэ бүхэнд тайлбар өгөхийг Эрүүл мэндийн яамнаас шаардаж буйгаа хэлсэн.
Нэгэнт л иргэдийнхээ эрүүл мэндийг бодож, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэхээс нь өмнө илрүүлэх зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн юм бол хүүхдүүдийг яагаад анхаарлын гадна үлдээнэ вэ. Өвчнийг эрт үед нь илрүүлбэл илүү үр дүнтэй гэж эмч болгон ярьдаг атлаа 0-17 насны хүүхдүүдийг зүгээр л “гээчихлээ”. Бүр зарим өрхийн эрүүл мэндийн төв ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний эрт илрүүлгийн маягт” гэх хуудсыг бөглөөд ир гээд гэрт нь өгөөд явуулжээ. Тухайлбал, тэдгээр асуулга нь, цус багадалтын шинж илэрсэн, эсэх, нүд, чих, хамар хоолой, яс, булчин, амьсгал, зүрх, судас, хоол боловсруулах эрхтний тогтолцоо хэвийн, үгүйг сонгож дугуйлах олон хувилбартай юм байна. Эмнэлгийн ажилтнууд тухайн хүүхдийг үзэж, шинжилж байж уг хуудсыг бөглөх ёстой атал ингэж өөрсдөөр нь оношлуулах юм бол ажил хийж буй мэт аяглах хэрэг юу сан билээ. Манай улсад хүүхдийн гэх тодотголтой бүхэн ард үлддэгийн нэг жишээ нь энэ. Хүүхдийн тоглоомын талбай, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, цаашлаад эрүүл мэндийн үйлчилгээнүүдэд хүртэл ялгавартай хандаж байна.
Нэг хүүхдийн үзлэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 150 000 төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл бий. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас тодруулахад “0-5, 6-17 насны хүүхдүүдийн үзлэг үнэ төлбөргүй” гэв. Харин эрүүл мэндийн сайд С.Энхболд “Багцын шинжилгээ 60-150 мянган төгрөгийн өртөгтэй. Насны ангиллаас хамаарч багц бүр харилцан адилгүй” гэж мэдээлж байв. Сүүлийн жилүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон. Ханиад, томуу, уушгины хатгалгаа туссан багачууд эмнэлгийн шалан дээр хэвтэж, эцэстээ зарим нь төв талбайдаа очиж, гадаадад эмчлүүлэх хандив тусламж гуйж байна. Нэг талдаа хүүхдүүд өвчиндөө шаналж байхад нөгөө хэсэгт нь “үр дүнгүй” үзлэгт эмч, ажилтнуудыг дайчилж, ажил нэмсээр. 0-17 насны хүүхдийн үзлэгийг өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн ажилтнууд хийж буй. Ерөнхий боловсролын сурагчдыг өрхийн эмч нар ангид нь очиж үзэхээр зарим хороо зохион байгуулжээ. Ийм үзлэгээс ямар үр дүн гарах вэ. Эрт илрүүлэх үзлэгт 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний хэдэн хувийг хүүхдүүдэд зориулж буй нь тодорхойгүй.
Цаг зав, санхүүгийн асуудлаас болоод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн тухайд эрт илрүүлэг чухалд тооцогдохыг үгүйсэхгүй. Эрүүл мэндийн даатгал сар бүр төлдөг хэрнээ тэр хэрээр тусламж, үйлчилгээ авдаг нь цөөн учраас нийтийг хамруулсан эл үзлэгт хэн бүхэн хамрагдахыг хүсэж буй. Ялангуяа залуучууд эмнэлэгт тэр бүр ханддаггүй, өвчнөө тоохгүй явсаар хүндрүүлдэг талтай. Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрх, судас, хавдраар өвдсөн иргэд хожуу шатандаа эмнэлэгт хандсанаас тусламж авч чаддаггүйг эмч нар хэлдэг. Гэтэл Засгийн газраас зохион байгуулж буй эл эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдахын тулд иргэн сүүлийн дөрвөн жил буюу 2019 оноос эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн байхыг шаардаж буй. Харамсалтай нь, 18-30 хүртэлх насны залуусын цөөнгүй нь энэ “шалгалт”-д бүдэрсэн гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XX хорооны өрхийн эмнэлгийн эмч нар дээрх шаардлагад нийцсэн залуусыг олох нь өвсөн дундаас зүү хайхтай ижил байгааг учирласан. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү өрхийн эмнэлгээс үзүүлэх хүмүүсийн нэрийг явуулахаар “Эрүүл мэндийн даатгал төлөөгүй байна” гээд буцааж буй аж. Хэрэв үзлэгт хамрагдахыг хүсвэл сүүлийн дөрвөн жилийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөх юм. Энэ шийдвэр мөн асуудал дагуулаад байна. 2019 оноос эрүүл мэндийн даатгал төлсөн ч дунд нь таван сар тасарсан иргэнийг үзлэгт хамруулаагүй талаарх гомдол ЭМДЕГ-т иржээ. Даатгалтай холбоотой ийм гомдол, санал тасрахгүй байгааг тус газрынхан хэлсэн. Эрт илрүүлэх үзлэг энэ оныг дуустал үргэлжлэхийг салбарын сайд нь онцолсон. Тэгвэл зарим иргэн зөвхөн 2022 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх хүсэлтэй буйгаа уламжилсан.
Дүүргийн болон улсын томоохон эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж, тэндээ эрт илрүүлэх арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Анхан шатны нэгж болох өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ч нэг өрөөг нь суллаж, үзлэг, шинжилгээ хийж байна. Ингэхдээ эрт илрүүлгийн арга хэмжээний “нээлт” хийгээд ч амжсан. Гэтэл үзлэгийн явцад анхаарах шаардлагатай зүйл ар араасаа гарсаар. Өөрөөр хэлбэл, албаныхан нээлт хийж сүржигнэхийн оронд бэлтгэлээ сайн хангах байж. Тухайлбал, өрхийн эмнэлгийнхээ урилгын дагуу харьяа дүүрэгтээ очсон иргэн шинжилгээ өгөх гэж ухаан алдаж унах шахсанаа учирлав. 09.00 цагаас шинжилгээ авч эхэлнэ гэсэн боловч эмнэлгийн хонгилоор хөл гишгэх зайгүй шахам хүмүүс шавуулж, 11.00 цаг өнгөрчихөөд байхад шинжилгээ авалгүй иргэдийг чирэгдүүлжээ. Зохион байгуулалтаас эхлээд хэрэглэж буй багаж хэрэгслийн ариутгалд гойд анхаарах шаардлагатайг хэлэхэд ч илүүдэхгүй. Ялангуяа улаан хоолой, ходоодоо дурандуулах иргэд айдастай байгаа нь нууц биш. Тэр тусмаа дурангийн багаж хэрэгслээ стандартын дагуу ариутгаж, халдваргүйтгэх үү гэдэгт эргэлзэж буй юм. Учир нь өвчнөө оношлуулах бус, өрөөл бусдаас “шинэ” халдвар авах вий гэхээс хэн хүнгүй эмээж байна. Үүнд хэн хяналт тавих нь тодорхой бус учраас иргэд айх нь аргагүй. Мөн илрүүлгийн дараах тусламж, үйлчилгээ чанартай, хүртээмжтэй байх нь чухал. Өвчин илэрлээ гэхэд цаг алдалгүй тусламж авч чадахгүй бол эрт илрүүлэгт хамрагдсаны ашиг тус гарах уу. Жирийн өдрүүдэд ч үргэлж ачаалалтай байдаг улсын эмнэлгүүд улсыг хамарсан эрт илрүүлгийн дараа илүү олон хүнд тусламж, үйлчилгээ үзүүлэхэд амаргүй л болов уу. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн тоо эхнээсээ гарч байна. Үзлэгт хамрагдсан гэсэн “том” тооноос илүү тодорхой үр дүнг иргэд хүсэн хүлээж байгаа шүү, Эрүүл мэндийн сайд аа. Эрт илрүүлгийн үзлэгийг ирц бүртгэх төдийгөөр бүү хараасай.