Р.ЖАРГАЛ
БНСУ-ын нэрт зураач И Юн Жон болон тус улсын жүжигчин, Энэтхэгийн иргэн Анупам Трипати нар манай улсад ирээд байна. Тэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн мэс заслын зардалд хандив цуглуулах сайн үйлсийн “Beyond the borders” төсөлд нэгджээ. Зураач И Юн Жон 1982 онд төрсөн залуу уран бүтээлч бөгөөд өнөө цагийн контемпорари урлагийн ертөнцөд нэр нь хэдийн тодорсон алдартан аж. Түүний уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнг “АСЕМ өргөө” болон Уран зургийн галерейд гаргах бөгөөд уран зураг сонирхогч, цуглуулагчдыг урьж буй. Зураач хэрхэн туурвидаг талаараа “Ил болон далд ухамсрынхаа харилцан үйлчлэлийн дүнд бий болгодог” хэмээн тайлбарлаж байжээ.
Улсынх нь нэрийн хуудас болсон уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргах болсонтой холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Юн Сок Ёл үг хэлсэн байна. Тэрбээр “Энэ онд БНСУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ой тохиож буй. Тиймдээ ч зураач И Юн Жоны бүтээлээр дамжуулан БНСУ, Монгол Улс хоорондын соёл урлагийг холбох гүүрийг улам бат бөх болгоно гэдэгт найдаж байна. Урлаг нь бидний нийгмийн амьдралын эрч хүчийг сэргээж, энгийн зүйлд ч шинэ утга учрыг оруулдаг. Бас бид бүхнийг ирээдүйд хөтлөх хөдөлгөгч хүч болдог билээ. Цаашид ч нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн үнэ цэнтэй, утга учиртай үйл ажиллагаа явуулсаар байх болно гэдэгт найдаж байна” гэжээ.
“Beyond the borders” төслийг “Янжиндулам” сан, Уран зургийн галерей, “Бундан” сан хамтран зохион байгуулж буй аж. “Бундан Бяцхан зүрх” төслийг зүрхний мэс засалч эмч Б.Болдсайхан 2019 онд санаачлан эхлүүлсэн юм. Түүнээс хойш уг төслийн хүрээнд 40 хүүхдийн амь аварчээ. Манай улсын хэмжээнд зүрхний мэс засал хийлгэх шаардлагатай 10 500 хүүхэд бүртгэлтэй байгаа гэнэ.