УИХ-ын нэг гишүүн төв талбайд жагсаал зохион байгуулж, тогтолцоогоо өөрчлөхийг шаардав. “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн Т.Доржханд хэд хэдэн шаардлага хууль тогтоох байгууллагад хүргүүлэн, яаралтай шийдвэрлэхийг хүссэн юм. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог хувилбар нэвтрүүлэхийг шаардаж байгаа бөгөөд парламентын гишүүдээс хамгийн багадаа талаас доошгүйг нь хувь тэнцүүлсэн системээр сонгодог болох нь зүйтэй хэмээж буй. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн тоог бууруулах, нэгтгэх замаар бүсчилсэн хөгжлийн боломжийг нээх, орон нутагт бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхийг шаардлагадаа дурджээ. Түүнчлэн нийслэл, хотын даргыг иргэдийнх нь саналаар сонгодог болохыг шаардаж буй. Үүнээс гадна “Хөгжлийн банкны” гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэх ёстойг тэрбээр онцолсон.
Эдгээр шаардлагын хариуг УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын тав хоногт багтаан өгөхгүй бол парламентыг тараах хүртэл, тэмцлийн дараагийн шатны арга хэмжээ авахаа тэрбээр мэдэгдсэн юм. Ингэхдээ гишүүн Т.Доржханд “Бид тогтолцооны өөрчлөлт л хийхгүй бол одоогийн нөхцөл байдлыг дээрдүүлж, сайжруулж чадахгүй. Ядаж л УИХ нь төсвөө алдагдалгүй батлах болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл тэгсэнгүй. Монгол Улсад эрүүл сэтгэдэг, бодлого ярьдаг, хөгжлийн санхүүжилт хийж чаддаг, гадаадаас мөнгө босгож мэддэг, түүнийг зөв захиран зарцуулдаг төр, Засгийн газар хэрэгтэй байна” хэмээж байлаа.
Тогтолцооны өөрчлөлтийг тэрбээр анх удаа шаардаж байгаа юм биш. Улс төрд хөл тавьсан цагаасаа энэ талаар ярьж буй бөгөөд Үндсэн хуулийн цэцэд ч хандсан. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.4.3 дахь заалт буюу “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэцэд мэдээлэл гаргасан билээ. Мөн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 39.1-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн зааж, сайд нар “давхар дээл”-тэй байхыг хязгаарласан нь Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, тодорхой заалтуудтай зөрчилдөж байна гэж Цэцэд хандсан юм. Засгийн газрын тэргүүнээс гадна дөрвөн сайдыг УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй байж болохоор тусгасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь уг хуулийнхаа зарим заалттай зөрчилдөж буй, эсэхийг Цэц өнгөрсөн оны сүүлчээр хянан хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, бараг дөрвөн сарын нүүр үзсэн ч хэлэлцээгүй л байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өргөдөлд дурдагдсан зарим асуудлаар хөндлөнгийн шинжээч томилуулан, тайлбар авах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргасан аж. Үүний дагуу Цэцээс шинжээч томилуулан ажиллуулсан бөгөөд тайлбар, дүгнэлт нь үндсэндээ бэлэн болсон сурагтай. Иймд эл асуудлаар Цэц ойрын үед хуралдаж, хойшлуулсан маргаанд ямар нэгэн дүгнэлт гаргаж мэдэх нь.
Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.4.3 дахь заалт буюу “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх мэдээллийн дагуу Цэц маргаан үүсгээгүй. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж, маргаан үүсгэх, эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээр дамжуулан хийх боломжгүйд хүрэв.
Иймд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гаргах эрх, боломж нь гагцхүү УИХ, тэр тусмаа эрх баригч МАН-ынханд үлдлээ. Эрх баригч гэлтгүй парламентад суудалтай, эсэхээс үл хамааран улс төрийн намууд үүний төлөө үзэл бодлоо нэгтгэх цаг нь болжээ. УИХ-ын 2016 оны сонгуулийг холимог хувилбараар явуулах гэж байтал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болоод өнөөгийн тогтолцоогоор зохион байгуулахаар хуульчилсан. Ер нь л хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хувилбараар сонгууль явуулах нь Үндсэн хуульд нийцэхгүй, 76 гишүүнийг тойргоос сонгодог одоогийн тогтолцоог өөрчилж болохгүй гэх ойлголтыг халж, шийдвэртэй алхам хийх цаг нь ирсэн байна. Үнэндээ сүүлийн хоёр сонгуулиар үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн Ардын намынхан 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үеэр энэ талаар багагүй ярьчихаад, эцэст нь хэвээр үлдээсэн шүү дээ. Сануулбал, 2016 оны сонгуулийг УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх хувилбараар сонгохоор бэлтгэж байсныг болиулахад хүргэсэн Цэцийн 05 дугаар дүгнэлтэд “Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёрт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэснийг зөрчсөн” хэмээн дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, “шууд сонгох эрх” гэдгийг сонгогч заавал хүний нэр дугуйлна гэх ойлголтын үүднээс тайлбарлан, шийдвэрлэсэн юм. Эндээс үүдэлтэй, зөвхөн олонхын тогтолцоог л Үндсэн хуулийн түвшинд баталгаажуулж, хөдөлгөхгүйгээр тогтоосон гэсэн төөрөгдлөөс гаргах боломж нь гагцхүү өнөөгийн эрх баригчдад л байна. Үнэндээ сонгогч саналаа өгөхдөө улс төрийн намыг биш, нэр дэвшигчийг сонгож, нэрийг нь дугуйлна гэж Цэцийн тэр шийдвэрт заасан болохоос биш, сонгуулийн тогтолцоо нь олонхынх байх ёстой гэсэн агуулга байгаагүйг олон судлаач хэлж, санал нэгдэж ирсэн. Ер нь бол сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоонд ч хүний нэрийг дугуйлж болдог хувилбар бий шүү дээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын найман сонгууль явуулснаас долоог нь олонхын тогтолцоогоор зохион байгуулсан. Тэр дотроо 2020 оны хувилбар буюу олон мандаттай, томсгосон тойргоос гишүүдийг сонгосон нь сонгогчдын санал ихээр гээгдэн, төлөөллийн зарчмыг хамгийн их алдагдуулав. Хамгийн сүүлчийн жишээ дурдахад л Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулсан нөхөн сонгуулиар дөрвөн сонгогч тутмаас нэгийнх нь л саналыг авсан хүмүүс УИХ-ын гишүүн болчихож байгаа юм. Эдгээр тойрогт хоёр удаа санал хураалт явуулахад сонгогчдынх нь ирц 50 хувьд ч хүрээгүй шүү дээ. Томоор харвал өнөөгийн УИХ нийт сонгогчийн 40 гаруй хувийн төлөөллийг л хангаж байгаа. Гэтэл сонгогчдын талаас илүү хувийнх нь төлөөлөл тэнд алга. Улмаар сонгогдсон хүмүүс нь тойргоо тойглохоос бус, улс орны хэмжээнд бодлого ярьж ажиллахгүй байгааг Богд Зонховагийн хөшөө тойрсон маргаанаас харж болно. Тойргоос сонгогдсон гишүүд эргээд сонгогчдынхоо өмнө очихын тулд улс орныхоо эрх ашгийг харахгүй, зөвхөн тухайн сонгууль, өөрийнх нь нам, хүчин хэрхэн амжилтад хүрэх вэ гэсэн ахархан бодлын үүднээс ажиллах нь арга ч үгүй юм. Засгийн газар нь ч УИХ-ын гишүүдээс тойрогт хуваарилах төсвийн талаар дөрвөн тэрбум төгрөгийн санал авч, аргадаж байгаа нь арга
ядсан хэрэг биш гэж үү. УИХ-ын гишүүд нь тойрог тойрог руугаа жаахан төсвөө зулгааж, Засгийн газар нь хөгжлийн нэгдсэн бодлого, хэмнэлтийн зарчмаа хэрэгжүүлж чадахгүй байгааг хэдхэн өдрийн өмнө баталсан төсвийн тодотголын хэлэлцүүлгээс ч харж болно. Сонгуулийн тогтолцооноос л шалтгаалж буй энэ гажуудлыг өөрчлөхгүйгээр цаашдын хөгжил, дэвшлийн талаар ярих ямар ч боломж алга.