Монголын оюун ухааны академиас улирал бүр санаачлан зохион байгуулдаг ой тогтоолын чансаа ахиулах тэмцээн боллоо. Ой тогтоолтын спортыг сонирхон хичээллэгсдийг туршлага солилцуулах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний тамирчдыг тодруулах нь тус тэмцээний зорилго аж. Энэ удаагийн тэмцээнд Монголын оюун ухааны академийн нийслэл болон орон нутгийн салбаруудаас нийт 107 тамирчин бага, өсвөр нас, насанд хүрэгчдийн ангилалд хараа болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлджээ.
Бага насны ангилалд Э.Билгүүнтөгс, өсвөр үеийнхэд Ц.Оюун-Эрдэнэ тэргүүлэв. Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын мастер Г.Мянганбаяр түрүүллээ. Нийлбэр дүнгээр Ц.Оюун-Эрдэнэ тэмцээнд оролцсон бүх тамирчныг илүүрхэж, шилдгийн шилдгээр шалгарсан байна. Тэрбээр шинэ тамирчин бөгөөд өмнөх тэмцээний аваргыг ялж, ийнхүү үнэмлэхүй амжилт үзүүллээ. Э.Билгүүнтөгсийн хувьд чансаагаа тогтмол ахиулж, улирал тутмын энэхүү тэмцээний хошой аварга болсон байна. Олон улсын мастер Г.Мянганбаяр 2017 оноос хойш Монгол Улсад зохион байгуулсан бүх тэмцээнд оролцсон туршлагатай бөгөөд насанд хүрэгчдийн ангилалд анх удаа түрүүлсэн нь энэ аж.