Пхеньян байлдааны хүчин чадлаа харуулах үйл явц өнөөгийн Умард Солонгосыг үндэслэгч-эцэг Ким Ир Сений мэндэлсний 110 жилийн ойгоор өнгөрсөн сарын 14-нд эхэлсэн юм. Үүнээс хоёр хоногийн дараа одоогийн удирдагч, гурав дахь үеийн Ким тактикийн шинэ пуужин туршихаар өөрийн биеэр хүрэлцэн очсон. ЦТАК агентлагийнх нь мэдээлснээр Япон тэнгисийн зүг харвасан туршилт амжилттай болж, уг зэвсэг Умард Солонгосын пуужингийн галын хүчийг ихээхэн нэмэгдүүлсэн байна. Өмнөд Солонгосын командлалын үнэлж буйгаар “КН-23” нэртэй пуужингийн энэ шинэ систем Оросын “Искандер” цогцолборын боловсронгуй болгосон загвар бөгөөд 25 километр өндөрт хөөрч 110 километр зам туулжээ.
Пхеньяны үйлдэлд сэтгэл зовж байгаагаа Японыг төлөөлж Засгийн газрынх нь ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно мэдэгдэхдээ “Бид сонор сэрэмжээ, улсынхаа энх амгалан, аюулгүй байдлыг хадгалж Умард Солонгосын үйл ажиллагаатай холбоотойгоор АНУ-тай нягт хамтран ажиллах болно” гэв. Жо Байдены засаг захиргааны төлөөлөгчийн үгээр бол Пхеньяныг “бүрэн тогтоон барихад” Вашингтон, Сөүл хоёр бэлэн байгаа аж. “Манай холбоо бат бэх гэдэгт Пхеньяныг эргэлзэх шалтгаан олгож болохгүй” хэмээн саяхан Сөүлд ирээд явсан Умард Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким хэлснийг Өмнөд Солонгосын ажил, алба нэгтэй Но Гю Док нь дэмжив.
Өнгөрсөн сарын турш Пхеньяны хийсэн байлдааны хүчин чадлаа Вашингтон, Сөүл хоёрт харуулах гэсэн оролдлого нь энэ сарын 10-нд болох Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тангараг өргөх ёслолын өмнө амжих гэсэн тоглолт байв. Юн Сок Ёл яриа хэлэлцээ хийхэд бэлнээ илэрхийлээд Пхеньяныг Сөүлийн “гол дайсан” гэж нэрлэв. “Бид Умард Солонгостой харилцахдаа анхаарлаа төвлөрүүлээд зогсохгүй Өмнөд Солонгос АНУ-ын харилцаан дээр түшиглэн Европын холбоо, Ази даяар дипломат харилцаагаа өргөтгөх хэрэгтэй хэмээн Юн Сок Ёл тэмдэглэсэн. Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайдад нэр дэвшээд байгаа Пак Чин урьдах төрийн бодлого “шавхагдсан” гэж тус улсын шинэ удирдлага үзэж буй гэх ойлголт өглөө. Умард Солонгосын тасардаггүй өдөөн хатгалгыг эвлэрүүлэх бодлогын тусламжтайгаар зогсоож чадахаа бид байсан. Бодлогоо эрс өөрчлөх шаардлагатай нөхцөл байдалд бид ороод байна гэж тэрбээр мэдэгдэв.
Хүч хэрэглэхээр заналхийлэх нь Умард Солонгосын бүх захирагчийн дуртай зүйл байсаар ирсэн. Түүний пуужингийн болон цөмийн зэвсгийн туршилт хөршүүдийнх нь дургүйг хүргэдэг. Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрийн онцлог нь түүнийг хөөргөж чаддаг ч цаашдаа нислэгийг хянаж сураагүйд байдаг. Тиймээс эдний харвасан пуужин хөрш аль ч улсынх нь нутаг дэвсгэрт унаж болзошгүй.
Умард Солонгост улайрч байгаа Америкийн эсрэг суртал нэвтрүүлгийг хайхрахгүй байх аргагүйг ажиглагчид тэмдэглэж байна. Эндхийн суртал нэвтрүүлэгт өөрчлөлт орж, урьд нь эх орноо хамгаалаад амиа өгөхөд бэлэн байх тухай сонинуудад нь бичдэг байсан бол одоо хамгаалах биш, довтлох талаар ярих болжээ. 2013 оны дөрөвдүгээр сард “Нодон Синмун” сонинд “Ким Жөн Уны удирдлагаар манай армийн хүчин чадал дээд цэгтээ хүрч байна. Тэрбээр АНУ-тай одоо бий болоод байгаа хурц сөргөлдөөнд ялах нь дамжиггүй. АНУ-ын цөмийн сүрдүүлгэд бид цөмийн хайр найргүй цохилтоор хариу өгнө. Энэ бол манай намын гуйвшгүй байр суурь” гэж бичиж байв.
Тив алгасах “Мусудан” пуужингаа дөрөвдүгээр сарын эхээр гарааны талбайд нь байрлууллаа. Шинээр хориг тавьж, Америк, Өмнөд Солонгос хамтарсан томоохон цэргийн сургуулилалт хийж буйд цухалдсан Пхеньян бүс нутаг хийгээд Өмнөд Солонгос, Японд байгаа Америкийн баазуудад цохилт өгнө гэж заналхийлэв. Өрнөдийн тусгай албадын үнэлэлтээр “Мусудан” пуужин 4000 километр зам туулж АНУ-ын цэргийн томоохон баазууд байгаа Окинава, Гуам арал дээрх байг устгана гэж үзэж буй юм.
Харилцан үл довтлох гэрээ байгуулах АНУ-ын саналыг 2013 онд Умард Солонгос хүлээж аваагүй. Өмнөд Солонгосын “Чхонан” хөлгийг Шар тэнгист Умард Солонгос хөнөөсөн 2010 оноос хоёр Солонгосын харилцаа онцгой хурцадсан юм. Солонгосын хойгийн эрэгт Өмнөд Солонгос, Америкийн цэргийн сургуулилалт хийснээс хамтын ажиллагаагаа зогсоолоо гэж хоёр Солонгос нэгдэх асуудал эрхэлсэн Умард Солонгосын сайд Рю Гиль Чэ хэлсэн. Энэ сургуулилалтыг Умард Солонгос түрэмгийлэл гэж үзсэн байдаг.
Хоёр Солонгосын төлөөлөгчид 2014 онд долоон жилийн хугацаанд анх удаа өндөр хэмжээнд хэлэлцээр хийв. Энэ уулзалтаар Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийг нэгтгэх, Америкийн цэрэг, дайны сургуулилалтад Сөүл оролцох болсноос муудсан хоёр талын харилцааны талаар ярилцав. “New York Times” сонинд бичсэнээр Умард Солонгос довтолсон тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах тухайд Вашингтон, Сөүл хоёр хэд хэдэн хувилбар боловсруулсан байна. Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр Умард Солонгосын их бууны суманд өртвөл адил хүчээр гал нээх, Умард нь Өмнөд, Япон, Америкийн Гуам руу пуужин харвавал тэр дор нь устгахаар уг төлөвлөгөөнд тусгасан аж. Умардад устөрөгчийн бөмбөг бий боллоо хэмээн Ким Жөн Ун 2015 оны эцсээр дуулгалаа. 2016 оны эхээр түүнийгээ туршив. Энэ бөмбөгний хүч газар 5.1 магнитуд хөдөлсөнтэй дүйж байгааг АНУ, Өмнөд Солонгосын эх сурвалжууд нотолсон юм.
Солонгосын хойгийн байдлыг Умард Солонгос хурцдуулсан нь дотоод улс төрийн шалтгаантай байв. Ким Жөн Уны баатарлаг намтар бий болгох зорилготой суртал нэвтрүүлгийн машинд шинэ удирдагчийнхаа тухай домог зохиох материал ихээхэн гачигдах болсноос Пхеньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө салж чадахаа байжээ. Ким Жөн Уны нэрийг холбож болох цорын ганц томоохон төсөл нь энэ болов. 2012 оны дөрөвдүгээр сард Умард Солонгос Ким Ир Сений 100 жилийн ойг тохиолдуулж “Ынха-3” (“Тэнгэрийн заадас”) пуужин хөөргөсөн нь амжилтгүй болж хэдхэн минутын дараа далайд унав. “Нодон Синмун” сонин “Маршал Ким Жөн Ун байлдааны чадал чансаагаа харуулах шалгалт хийх тушаалыг Агаарын цэргийн болон Агаараас эсэргүүцэн хамгаалах хүчинд өглөө. Маршалын бодож олсон байлдааны нөхцөлд нисгэгчид автомашины замаас хөөрөх, буух сургуулилалт амжилттай хийв” гэж мэдээллээ. Ийм агуулгатай мэдээллийн “үер” дэлхий даяар буусны дотор АНУ-д цөмийн цохилт өгөх төлөвлөгөөг Ким Жөн Ун өгсөн тухай ч байлаа. 2006 онд АНУ-ын чигт Умард “Тепходонг-2” пуужин хөөргөсөн нь Находкийн эдийн засгийн бүсэд унасан юм. Өмнөд Солонгос болон тус бүс нутагт байгаа Америкийн цэргийн баазууд руу харвана гэж сүрдүүлж байсан тив алгасах хоёр “Мусудан” пуужингаа 2013 оны тавдугаар сард Пхеньян гарааны талбайгаас хурааж авлаа. Гэтэл АНУ, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчин Шар тэнгист хамтарсан сургуулилалт эхлүүлэв. 2013 оны арванхоёрдугаар сард Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун армиа “урьдчилан анхааруулалгүйгээр хийх дайнд” бэлэн байхыг уриаллаа. “Манай эдийн засгийн дэвшил олон жил ахисангүй. Бид хүний хийгээд материалын асар их нөөцөө батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхэд зарцуулж, хүмүүсийнхээ амьдралыг дээшлүүлэхэд энэ бүхнийг зориулсангүй. Гэлээ ч бидэнд цөмийн тогтоон барих хүч байна. Манай стратегийн шинэ чиг шугам бол хувьсгалын үйл хэрэгт хязгааргүй үнэнч Ким Жөн Уныг гялалзуулж харагдуулах явдал юм” гэж “Нодон Синмун” сонин мэдээлэв. Дэглэмээ либералчлах найдвар нь биелэхгүйг Ким Жөн Уны сүүлийн алхмууд харуулсаар байна. Кимийн удмыг залгамжлагч энэ залуу эцэг, өвөөгөөсөө илүү гарахыг хичээхдээ эрэг шургыг чангалах улиг болсон замыг сонгож авчээ…
Р.ЖАРГАЛАНТ