Лондоны амьтан судлалын нийгэмлэг (ZSL)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж буй “Монголын экологийн цагдаа дэлхийн жишгээр ажиллаж, нутгийн иргэдтэй түншлэх нь” төслийн хүрээнд эрэлч нохойг байгаль хамгаалалд дайчлах, сургах ажил эхлүүлээд буй. Өнгөрсөн сард гэхэд тусгай хамгаалалттай газруудад ийм сургуулилалт зохион байгуулсан. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, тэр дундаа зэрлэг амьтны хууль бус худалдааг таслан зогсооход хувь нэмэр оруулах зорилготой энэ санаачилгыг ИБУИНХУ-ын “Сэгрэ сан” дэмжин, өнгөрсөн хугацаанд 28.6 сая төгрөгийн эд хэрэгсэл олгосон талаар дээрх нийгэмлэгээс мэдээлэв. Тодруулбал, “Эрэлч нохойн албыг чадавхжуулах, зэрлэг амьтны хууль бус худалдааг таслах зогсоох” дэд төслийн хүрээнд тус сан ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төв, Монголын эрэлч нохой эзэмшигчдийн холбоонд нохойн үүр, сургалтын багц хэрэглэгдэхүүн, сургагчдад зориулалтын хувцас хэрэгсэл өгчээ. Мөн эдгээр байгууллагад таван нохой хүлээлгэн өгсөн аж. Ташрамд дурдахад, “Сэгрэ сан” нь ховордсон амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүндтэй байгууллага гэнэ.