Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайтын холболтын, “Богдхан” төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгажээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги, нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байгаа аж. Энэ оны аравдугаар сард багтаан тус төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй юм байна.
Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76 хувьтай байгаа гэнэ. Үүнийг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудыг холбох барилгын ажлыг 2020 оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн, 5.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг өнгөрөгч гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд 6.1 хувийн гүйцэтгэлтэй буй гэнэ.