Хөгжлийн банкны зохистой харьцааг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулга хийлээ. Тэрбээр “Засгийн газар өнгөрөгч нэгдүгээр сараас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд шуурхайлан орсон. Богино хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өрийг төлөөд байна. Энэ онд чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлэх зорилт тавьж байгаа” гэв.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эрчимжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг судлан үзэж, санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй ажлын хэсэг байгуулахаар тус хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлийн талаар авах арга хэмжээний санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.