Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгохоор шинэчлэн тогтоов. Тодорхой хэлбэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны тавдугаар сарын 4-ний өдрийн буюу өчигдрийн хурлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцлээ. Улмаар улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоов. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор боллоо.