Манай улсын хүн амын хамгийн орхигдсон, хаягдсан бүлгийнхэн бол өсвөр насныхан. Яагаад ингэж хэлэх болов гэхээр энэ л насанд хүүхдүүдэд архаг, хууч өвчний суурь тавигддагийг нийтээр төдийлөн мэддэггүй. Тэдэнд энэ талаар зааж, сургадаг эцэг, эх ховор. Анхаарч, зөвлөдөг эрүүл мэндийн байгууллагынхан ч цөөн. Бараг л өвдлөө гэдэггүй болохоор ч тэр үү, өсвөр насны хүүхдүүдээ “хаячихсан” ээж, аав олон болжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өсвөр насыг 12-оос эхэлж, 18 хүрээд дуусдаг хэмээн томьёолсон байдаг. Тэдний бие махбод болон сэтгэл зүйн байдал нь энэ насанд хамгийн тогтворгүй, үл хайхрах төдийхөнд эмзэглэдгийг тэмдэглэжээ. Тиймээс л өсвөр насныханд анхаарал, халамж нялх, балчир үеийнхээс нь ч их шаарддаг аж. Харин манайхан ийм насны хүүхдүүдээ юу идэж, хаана, хэнтэй нөхөрлөж яваа талаар нь төдийлөн сонирхдоггүй гэхэд хилсдэхгүй болов уу. Бас тэдэнтэй ярилцаж, ойлголцохоосоо илүүтэй зандрангуй асууж, шалгаах нь олонтоо. Хоолны мөнгө илүүчилж буйгаа хүүхдэдээ тавьж буй анхаарал, халамж мэтээр ойлгох нь ч бий. Наад зах нь хүү, охиноо хөл нь өвдлөө гэхэд “Өндөр болох гэж байгаа юм” гэх зэргээр асуудлуудыг нь тоохгүй, өөрсдөөсөө түлхдэг нь худал биш.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийнхөн “12-18 насныхны хоол, хүнснээс өдөрт авах ёстой шимт чанар, аминдэм нь зохих хэмжээндээ хэзээ ч хүрдэггүй. Яг энэ асуудлыг өдгөө хурцаар шүүмжлэх хэрэгтэй. Эцэг, эхчүүд ихэвчлэн хүүхдийнхээ хоолонд дунд ангид ортол нь л анхаардаг. Харин түүнээс цааш тоохоо больчихдог. Тэгвэл өсвөр насныхан далд өлсгөлөнд олноор нэрвэгдэх болсон нь хоол, хүнсний хэрэгцээтэй нь холбоотой. Далд өлсгөлөн гэдэг нь энгийнээр аминдэмийн дутагдал шүү дээ. Ээж, аав нар бага насны хүүхдүүддээ л Д аминдэм уулгах ёстой мэт ташаа ойлгодог. Гэтэл цаана нь өсвөр насныхан нийтээрээ Д, кальци, иод, төмөр, цайр зэрэг амин чухал эрдсийн дутагдалтай байна. Эдгээрийг хоол, хүнсээр нь нөхөх боломжгүй бол заавал нэмэлтээр уулгах хэрэгтэй. Жишээ нь, иод гэхэд л бие махбодын өсөлт, хөгжлийг дэмждэг чухал эрдэс. Харин үүнийг ганцхан иоджуулсан давсаар нөхчихдөг гэвэл үгүй. Өчүүхэн бага хэмжээгээр өдөр бүр заавал хэрэглүүлэх шаардлагатай гэсэн үг. Түүнчлэн хүний биеийн жингийн 60 хувийг бүрдүүлдэг араг ясны булчингуудад бие дэх цайрын 30 хувь нь агуулагддаг тул нөхөх зайлшгүй шаардлагатай аминдэм” гэлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хэлснээр дунд, ахлах ангийн сурагчдын олонх нь өглөө хичээлдээ ирэхдээ цайгаа уугаагүй, нойрмог, нозоорсон байх нь хэвийн үзэгдэл болсон гэх. Өсвөр насны сурагчид өглөөний цай, түүний жорын талаар, энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөтэйг ч төдийлөн мэддэггүй байна. Завсарлагаанаар хүүхдүүд хуушуур, пирожки зэргээр хооллож, сургуулиасаа гадуур түргэн хоолны газруудад бэлэн гоймон, шарсан төмс, тахианы мах түлхүү хэрэглэн, ходоод, гэдэсний шархлаатай болсоор буй талаар эмч нар халаглаж байсан. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийнхан “Ходоодны шарх өсвөр насныхан гэлтгүй түүнээс ч балчир хүүхдүүдэд оношлогдох болсон. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдэдээ бэлэн, түргэн хоол их идүүлдэг болсонтой салшгүй холбоотой” гэсэн юм.
Ургамал ус чийг, нарны гэрэлгүйгээр мөхдөгийн адил хүн ч хоол, хүнсгүйгээр оршин тогтнохгүй. Амьтан, ургамал, хүний хооллох арга барил өөр ч амьд организмын хамгийн бага нэгж болох эс ижил замаар тэжээгддэг гэдэг. Тиймдээ ч хоол, хүнс нь хүн төрөлхтний, тэр дундаа бие, эрхтэн нь өсөж төлжиж буй хүүхдүүдэд амин чухал хэрэгцээ нь. Энэ нь дутагдвал өсөлт, хөгжил нь сааран, олон эрдсийн алдагдалд орж, дархлаа нь муудан, өвчлөмтгий болох эрсдэлтэй. Цаашлаад хэтдээ архаг, суурь эмгэгүүдтэй болно гэсэн үг. Хоолыг өл дарах гэж иддэггүй нь ийм учиртай аж. Шинжлэх ухаанаар бол хоол нь бие бялдар, мэдрэл, сэтгэхүй, оюун ухааны хөгжлийг хангаад зогсохгүй боловсрох, амьдрах урам, сэтгэл санаа өргөх зэрэг үйлчилгээтэй аж. Гэвч бидний хүүхдүүдэд чиглэсэн энэ хэрэгцээг нь хангах хоолны үйлчилгээ Монголд цөөн. Эцэг, эх, асран хамгаалагч нар ч хүүхдүүдээ ихэвчлэн сургуулийн болон орчин тойрных нь хоолны газруудад “даатгадаг” гэхэд хилсдүүлсэн болохгүй.
“Цэцэрлэг, сургуулийн хоолны шимт чанар муу, хаанаа ч хүрэлцэхгүй байна. Тиймээс эцэг, эхчүүдээс зардлынх нь тал хувийг нь гаргуулъя” гэхээр “Монгол Улс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдээ хооллож ч чадахгүй ядуу. Бага насны хүүхдүүдийг шим тэжээллэг хоол, хүнсээр хангах нь төрийн үүрэг, татвар төлөгчдийн мөнгө” гэх зэргээр шүүмжилдэг. Угтаа бол монгол аав, ээж, асран хамгаалагчид цэцэрлэгийн хүүхдийнхээ хоолны мөнгийг бүтэн, сургуульд оронгуут нь дунд анги хүртэл үдийн хоолыг нь төрөөр даалгадаг. Ерөнхий боловсролын сургууль төгстөл бүх номоор нь хангуулна. Тэгсэн хэрнээ багш нараа хүүхдийг минь сургуульд нь хүргэж өгөөд, авчраад өг гэх нь холгүй загнах. Ийм байхад эцэг, эхийн язгуур үүрэг алдагдахгүй гээд ч яах билээ. Амьтан хүртэл үр зулзагаа хооллож, асардаг байлтай.
Өсвөр насныхныг энэ мэт өвдөхөөр нь эмнэлэгт, өлсөхөөр нь сургуульд даатгачихдаг байж болно гэж үү. НЭМҮТ-ийнхөн эцэг, эхчүүдэд өсвөр насны хүүхдэдээ өдөрт таван бүлэг хүнсийг тэнцвэртэй хэрэглүүлж, шаардлагатай аминдэмийг нь нөхөх хэрэгтэйг зөвлөсөн. Үүний нэгдүгээрт, үр тариа, гурил будаа багтаж буй. Эл бүлгийн хүнс нь нүүрс усны эх үүсвэр бөгөөд ургамлын гаралтай уураг, ханаагүй тос, цардуул, эслэг, В-гийн төрлийн аминдэм, төмөр, цайр агуулдаг аж. Өсвөр үеийнхэнд үр тарианы бүтээгдэхүүнийг нас, хүйсээс нь хамаараад хоногт 9-16 нэгжийг хэрэглэхийг зөвлөдөг. Нэгж хэмжээ нь 80 ккал аж. Мөн өдөрт авах нийт илчлэгийг 80-д хувааснаар нэгж хүнсний тоог гаргадаг байна. Өсвөр насны хүүхдүүдэд хоёрдугаарт хэрэглүүлбэл зохих бүлэг хүнс нь жимс, жимсгэнэ. Тэд ч хамгийн дуртай. Уг бүлгийн хүнс нь энгийн нүүрс ус, эслэг, В, А, С, төмөр, магни, кальци, кали зэрэг эрдэс, бодисын эх үүсвэр болдог. Хоногт 1-2 нэгжийг өгвөл зохилтой гэнэ. Гуравдугаарт, хүнсний ногоо, тэр дундаа төрөл бүрийн байцай, лууван, манжин, сонгино, навчит ногоо, хулуу, өргөст хэмх, улаан лооль хамгийн шим тэжээлтэй тул хоногт гурван нэгжийг хэрэглүүлэх шаардлагатай аж.
Дөрөвдүгээрт, сүү, сүүн бүтээгдэхүүн. Үүний дотор тараг, бяслаг, ааруул, ээдэм, айраг нь А, В, Д аминдэм, кальциар баялаг. Тиймээс өдөрт дөрвөн нэгж ийм бүтээгдэхүүн хэрэглүүлж заншихыг НЭМҮТ-өөс зөвлөсөн. Тавдугаарт, мах, уураглаг бүлгийн хүнсийг хүүхэд, багачуудад түлхүү хэрэглүүлснээр төмөр, фосфор, Е, К зэрэг хүний биед нийлэгждэггүй, үл орлогдох аминхүчлүүдийг нөхөх боломжтой. Өсвөр насныханд өдөрт 4-6 нэгж мах, уураглаг хүнс өгөх хэрэгтэй.
Өсөлт, хөгжилт нь ид явагдаж буй өсвөр насныхны хооллолт ийм “нарийн” аж. Тиймээс эцэг, эхчүүд юу дуртайгаа идээд, бүтэн өдрийг “дав” гэж хүүхдэдээ хатуурхмааргүй байна. Ялангуяа бүх өвчний суурь өсвөр насанд тавигдах болсон энэ үед үр хүүхдэдээ анхаарч, тэдний хооллох хэв маягийг зөв болгох шаардлагатай. Учир нь багаасаа буруу хооллож хэвшвэл насан туршид нь засардаггүй бөгөөд бүх өвчний үндэс болдгийг дахин сануулъя.