УИХ-ын зарим гишүүн Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дотоодын зах зээлд байгаа эм өндөр хөгжилтэй орны эмтэй орц найрлагын хувьд ижил боловч үйлчилгээний нөлөөлөл харилцан адилгүй байгаа тухай иргэдийн зүгээс олон гомдол санал илэрхийлдэг.. Иймд Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг парламентын 21 гишүүн УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг 2014 онд баталсан. Энэхүү бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудитыг Үндэсний Аудитын Газраас хийсэн. Уг дүгнэлтэд 44 аж ахуйн нэгж, эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч 63 тусгай зөвшөөрөлтэй байгууллагын 84.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэж үзсэн. Энэ бол эмийн үйлдвэрлэлийн явцад хийдэг шалгалт юм. Дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангахгүй байна.
Мөн Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, Зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг нь бүртгэлгүй эм эзэлж байна. Мөн эмийн хяналтын лабораторийн тоног төхөөрөмж эвдэрсэн, зарим урвалж нь байхгүй. Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар Хянан шалгах түр хорооноос хянан шалгах шинжээч томилно. Дотоодын зах зээлд үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж буй эмүүдэд сорьцын шалгалт хийнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбарын нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эмийн чанар, эм тээвэрлэх ложистикийг чанартай байлгахад түүнийг хяндаг тогтолцоо байх зүйтэй. Тендерээр хямд үнэ авсаар, чанаргүй, муу эмээр эрүүл мэндийн салбар дүүрчээ. Улмаар чанартай эмээр 7 хоногт эмчлэх хүнийг чанаргүй эмээр 14-21 хоног эмчилж байна. Өвчнийг хурдан эмчилж, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах нь эмийн чанартай шууд холбоотой. Тийм учраас саналыг УИХ-д өргөн барьж" байна гэлээ.