Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгохоор тунхагласан билээ. Уг өдрийн энэ жилийн олон улсын уриа нь “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” аж. Хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй сорилтууд, ялангуяа цахим ертөнц хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцэх, зөвлөлдөхийн тулд ийм уриалга гаргасан талаараа ЮНЕСКО-гоос мэдээлсэн байна. Үүний хүрээнд “Глоб интернэшнл” төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулах юм. Мөн “Глоб интернэшнл” төвөөс “Үнэний төлөө” шагналыг энэ жил 14 дэх удаагаа гардуулахаар төлөвлөжээ. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газартай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулах нь.
Ташрамд дурдахад, “Хил хязгааргүй сурвалжлагчид” төрийн бус байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулдаг. Тус байгууллагаас 180 орныг хамруулсан индексээр манай улс өнгөрсөн онд хэвлэлийн эрх чөлөөгөөр 68 дугаар байрт бичигдсэн юм. Энэ үзүүлэлтийг 2020 оныхтой харьцуулахад таван байраар урагшилсан. Гэсэн ч хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “асуудал”-тай орны тоонд багтсан хэвээр байгааг “Глоб интернэшнл”-ээс онцолж байв.
Бэлтгэсэн: М.ОЧ