Далайн зам хаасан тул Украины боомтуудад одоо байгаа 4.5 сая тонн үр тариаг экспортлох боломжгүй байгаа тухай НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Герман дахь салбарын захирал Мартин Фрик мэдэгдэв.
“Украины хоол хүнс дэлхий дахинд зайлшгүй хэрэгтэй байна. Өлөн зэлмүүн байдал цэргийн ч, эдийн засгийн ч зэвсэг болох ёсгүй” гэж тэрбээр хэлээд, дэлхийн хүнсний хямралыг зөөлрүүлэхийн тулд бусад оронд энэ улсаас хүнс нийлүүлэх замыг нээхийг уриаллаа. Украин болон Орос нь үр тарианы тэргүүлэгч экспортлогч учир тус хоёр орон хоорондын мөргөлдөөний улмаас дэлхий дахинд хүнсний хямрал нүүрлэж байгааг Европын удирдагчид удаа дараа анхааруулсаар ирсэн. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр гуравдугаар сард хүнсний үнийн индекс 12.6 хувиар өсөн, 159.3 нэгж болж, 1990 оноос хойших дээд үзүүлэлтийг тогтоожээ. Энэ нь ургамлын тос (Гуравдугаар сард өмнөх сартай нь харьцуулахад 23.2 хувь), үр тарианы үнэ (17.1 хувь) эрс өссөнтэй холбоотой гэнэ.