Засгийн газраас улсынхаа бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрт илрүүлэх үзлэгт хамруулан, шинжилгээ хийж, оношлох ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлсэн. Иргэд хэр мэдээлэлтэй байна, эрүүл мэндийн байгууллагууд ажлаа яаж зохион байгуулж буйг сурвалжиллаа.
Эхлээд Улсын I төв эмнэлэгт очив. Үүдээр нь ормогц сурталчилгааны самбарт “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог Эрүүл мэндийг дэмжих төвд зохион байгуулна” гэсэн мэдээлэл угтлаа.
Мөн Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороо, Чингэлтэйн 17, 19 дүгээр хорооны иргэдийг хүлээж авах тухай бичжээ. Түүнчлэн уг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдахын тулд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн дөрвөн жил тасралтгүй төлсөн байх шаардлагатайг сануулсан байлаа.
Эрүүл мэндийг дэмжих төвд очиход үзлэгт хамрагдахаар ирсэн иргэний нэр өрхийн эмнэлгээс нь ирүүлсэн жагсаалтад бий, эсэхийг шүүж байв. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн С.Буяннэмэх “Эртхэн шинжилгээ хийлгэе гээд хүрээд ирлээ. Манай өрхийн эмнэлгээс хорооныхоо бүх л оршин суугчид утсаар, мессежээр мэдээлэл хүргэсэн” гэж байлаа.
Эрүүл мэндийг дэмжих төв нийт 17 өрөөтэйгөөс одоогийн байдлаар 15-д нь үйл ажиллагаа явуулж буй аж. Тус төвд ням гарагт буюу аяны нээлтийн өдөр долоо, харин өчигдөр 12.00 цагийн байдлаар 12 хүн үйлчлүүлжээ. “Хүмүүс мэдээлэл авчээ. Өрхийн эмнэлэгтээ бүртгүүлж, чиглэл, урилга авна гэдгээ мэдэж байна. Ирсэн хүмүүсийн дунд залуус олон. Бид бэлтгэл ажлаа сайтар хангасан. Гурван эмч бүртгэж байна. Лабораторийн шинжилгээний хэсэгт гурван сувилагч зэрэг ажилладаг. Зүрхний цахилгаан бичлэг хийж, үнэлгээ өгнө. Цээжний рентген буюу дүрс оношилгооны техникч, эмч ч бий. Хэвлийн, бамбайн, хөхний гэсэн гурван ЭХО тус бүрт мэргэжлийн эмч харж, үнэлгээ өгнө. Ходоодны дурангийн тухайд арай өөр журамтай. Тухайн хүний бүхий л шинжилгээ бүрдсэний дараа холбогдож, боломжтой цагт нь хүлээж авах тухай мэдэгдэнэ. Ходоодоо дурандуулсан бол дотрын эмчид үзүүлж, зөвлөгөө авах учиртай” хэмээн лабораторийн сувилагч бидэнд мэдээлэл өглөө.
Эрт илрүүлгийн үзлэгийг насны дөрвөн ангиллаар явуулах юм. 18-30 насныхан үзлэг хийлгээд, биохимийн, цусны болон шээсний ерөнхий, гепатит B, C вирусийн эсрэг бие, мөн тэмбүү, ДОХ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ хийлгэх аж. Багажийнхаас зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген хийлгэнэ. 31-45 насныхан биохими, өлөн үеийн глюкоз, цус, шээсний ерөнхий болон тэмбүү, ДОХ илрүүлэх хурдавчилсан шинжилгээнд хамрагдана. Мөн зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген, хэвлий, бамбай, хөхний хэт авиа, улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэх гэнэ. Харин 46-60 насныхан бол биохими, өлөн үеийн глюкоз, цус, шээсний ерөнхий, гепатит B, C вирусийн эсрэг бие илрүүлэх боллон эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ, пап сорил, өтгөнд далд цус илрүүлэх болон багажийн бүхий л шинжилгээг хийлгэнэ. 61-ээс дээш насныхны хувьд 46-60 насныхантай адил шинжилгээ өгөх юм. Эмчийн үзлэг бүхий л насныханд адил сэтгэцийн болон дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнөөс бүрдэнэ.
Иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрт илрүүлэх үзлэгт хамруулан, шинжилгээ хийж, оношлох нь олны ойлгосончлон үнэ төлбөргүй биш аж. Харин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 18-30 насныхны хувьд 60 000, харин 31-45 насныханд 130 000, 46-60 насны ханд 150 000, 61-ээс дээш насныханд 140 000 төгрөг зориулахаар санхүүжүүлж буй юм билээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд дээр дурдсан багцуудад ангилсан байдлаар иргэдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулсан тухай мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд илгээхэд харгалзсан санхүүжилтийг олгох замаар зохион байгуулж буй гэнэ.
Улсын I төв эмнэлгийн энэхүү Эрүүл мэндийг дэмжих төв нь олон нийтэд төлбөртэй үйлчилгээ үзүүлсээр иржээ. Эдүгээ Засгийн газраас зохион байгуулж буй аяны хүрээнд иргэдийг хүлээж авахаар болсон аж. Тус төвийн дарга Э.Баясгалан “Хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө цаг гаргаж, үзлэгт хамрагдаасай. Албан байгууллагууд ажиллагсдадаа чөлөө олгож, нааш нь явуулбал сайн. Иргэд төрөөс олгож буй боломжийг ашиглах нь чухал. Өөрийгөө эрүүл мэт бодож явдаг, гэтэл далд юу ч байж мэднэ. Түүнийг эрт илрүүлбэл цаг хожиж, оновчтой эмчлүүлэх сайн талтай. Үгүй юм гэхэд үзлэгт хамрагдсанаар өөрийгөө эрүүл гэдгийг мэдэж авах нь бас хэрэгтэй. Би дүрс оношилгооны эмч. Нас ахихад хорт хавдраар өвчлөх магадлал өсдөг. Тиймээс эрт илрүүлэх хэрээр эмчилгээг эрт эхлүүлэх сайн талтай. “Ковид”-оор өвдсөн хүмүүс сэтгэл зүйн дарамтад орсноор зүрх, су дасны өвчлөл нэмэгдэх хандлагатай болжээ. Мөн зүрх дэлсдэг хүмүүсийн 60-70 хувь нь бамбай булчирхайн өвчтэй байдаг. Харахад ан заарагддаггүй болохоор мэдэхгүй. Тийм болохоор эрт илрүүлгийн үзлэгээр “барьж авч”, зөв чиглүүлж өгөх нь энэ аяны зорилго” гэлээ.
Эрүүл мэндийг дэмжих төв нь олон нийтэд төлбөртэй үйлчилгээ үзүүлж ирсэн тухай дээр дурдсан. Багц шинжилгээнүүдийг хийлгэхэд дунджаар 250-260 орчим мянган төгрөг болдог юм байна. Харин өдгөө эрт илрүүлгийн аяны хүрээнд даатгалаас санхүүжүүлж, иргэд мөнгө гаргахгүй.
Тус төвийн ойролцоох “Рентген зураг” гэсэн өрөөний үүдэнд дугаарлаж зогсоо эмэгтэйд хандан эрт илрүүлгийн үзлэг хийж байгаа талаар мэдээлэл дуулгахад “Тийм үү. Хаана очих вэ. Намайг хүлээж авах юм болов уу. Орон нутгаас ирсэн шүү дээ” гэхээр нь юутай ч энэхүү төвийг зааж өгч, сайтар асуухыг зөвлөлөө. Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас ирсэн энэ эмэгтэйгээс эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн дөрвөн жил тасралтгүй төлсөн, эсэхийг нь асуусангүй.
Дараа нь бид Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны “Цэдэн-Эрдэнэ” өрхийн эмнэлэгт очлоо. 2001 онд байгуулсан тус эмнэлгийн даргаар өдгөө ажиллаж буй С.Энх-Эрдэнэ “Манайх аяны нээлтийг өчигдөр гаднаа хийсэн. Ер нь иргэд, оршин суугчдадаа мэдээллийг хорооныхоо цахим хуудсаар болон утсаар, мессэжээр хүргэсэн. Бид гэрээтэй ажиллах “Рехамед” эмнэлэг рүү өдөрт 15 хүн илгээж байх юм. Тус эмнэлэг, манай дүүргийн долдугаар хороо гэсэн гурван байгууллага хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Долдугаар хорооны өрхийн эмнэлгээс ч гэсэн өдөрт 15 хүн илгээж байх юм. Багцуудын онцлогоос шалтгаалж хоёр өдрийн өмнөөс ч бэлтгэх хэрэг гарах тул энэ бүхнийг харгалзаж хуваарилах юм. 18-30 насныханд бэлтгээд байх юм байхгүй. 30-аас дээш насныхан ходоодны дурангийн шинжилгээ хийлгэнэ. 45-аас дээш насныхан өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ хийлгэхийн тулд хоёр хоногийн өмнөөс махан хоол идэхгүй байх ёстой гэх зэргээр биеэ бэлтгэх шаардлагатай. Эрт илрүүлгийн ажлыг жилийн турш хийх юм шүү дээ. Үзлэгт хамрагдъя гээд сайн дураар ирэх хүмүүс байхад тоохгүй, ойлгохгүй, цааргалаад ч юм уу, эсвэл эрүүл юм чинь, юугаа үзүүлэх вэ гэсэн байдлаар хандаж хойш суух нь ч байх болов уу. Тиймээс явцын дунд хорооны иргэдээс хэн нь ирэхгүй байгааг анзаарч, бүртгэж, хугацааны төгсгөл хэсэгт хэсгийн ахлагч нарын туслалцаатайгаар дуудна гэсэн төлөвлөгөө гаргасан. Ийм замаар нэг ч иргэнийг аяны гадна үлдээхгүй гэсэн зорилт тавьсан. Хороод хүн амын тоогоороо ялгаатай. Манайх 9800 хүнтэй байхад 26 дугаар хороо 20 гаруй мянга орчим оршин суугчтай. Тийм олон хүнтэй болохоор арай өөр төлөвлөгөөтэй ажиллах болов уу. Иргэн бол багцад заасан шинжилгээг бүгдийг нь өгөх учиртай. Нэг ч шинжилгээ дутааж болохгүй. Хэрвээ дутвал тухайн эмнэлэг хохирно. Манай хорооны оршин суугчид 100 хувь орон сууцанд амьдардаг, ихэвчлэн сэхээтэн хүмүүс байдаг. Хувийн зохион байгуулалт, амьдралын идэвх, аливааг хүлээж авах чадвар сайтай хүмүүс болохоор энэ аянд ухамсартай хамрагдана гэж бодож байна” гэлээ.