Цахим гарын үсгийн тухай хуулийг батлан, өнөөдрөөс буюу тавдугаар сарын 1-нээс мөрдөхтэй холбогдуулан иргэдэд тоон гарын үсэг олгож эхэллээ. Хуульд зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатай олгохоор тусгажээ. УБЕГ-аас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2.2 сая гаруй иргэнд тоон гарын үсэг олгоно.
Иргэд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын өөрт хамгийн ойр байрлах салбар нэгжид биеэр ирж хүсэлт гаргаж авна. Үүнд засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй. Хуульд зааснаар хүсэлт гаргасан иргэний мэдээлэл зөв бол хүсэлт гаргасан даруйд тоон гарын үсэг олгоно.
Тоон гарын үсэг олгох нээлтийн үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Тоон гарын үсэг нь, эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангана. Цахимаар зурсан этгээдийг таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг учир хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд, хүчин төгөлдөр юм. Маш өндөр нууцлал бүхий технологийн суурь бүтэцтэй ч хэрэглэгчийн хувьд өдөр тутам ашиглаж болохуйц, хэрэглэхэд хялбар, мөн олон төрлийн зардал хэмнэсэн давуу талтай” гэдгийг онцлов.
Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүн, албан байгууллагууд орон зай цаг хугацааг үл хамааран ажил хэргээ явуулах боломж бүрдэж буй. Тухайлбал, интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах, төрийн цахим үйлчилгээний E-Mongolia ситемд өөрийгөө таниулан нэвтэрч, олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой.
Тоон гарын үсэг нь цахим орчинд тухайн иргэнийг танихаас гадна таны хийж буй үйлдлийг баталгаажуулах хэрэгсэл юм. Гэхдээ тоон гарын үсгээр УБЕГ-ын дараах дөрвөн үйлчилгээг авах боломжгүй. Тодруулбал, гэрлэлт бүртгэх, цуцлах, хэрэв хуулийн байгууллагаас тухайн иргэнд хориг тавьсан бол, Монгол Улсын иргэний харьяалалд орох, харьяаллаас гарах, мөн хурууны хээний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авахад өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очих аж.