Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай, автобусны буудал, хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбайн өнгө үзэмжийг сайжруулж, Туул, Сэлбэ, Дунд гол дагуух тохижилтын ажилд иргэд идэвхтэй оролцож, иргэдийн 188 бүлэг хамтран ажилласан гэх мэдээлэл өгөв.
Мөн голуудын ай сав орчимд иргэд олноороо амарч, зугаалдаг учраас эрэг дагуу олон нийтийн соёл, амралтын хүрээлэн байгуулах үүрэг даалгаврыг Хотын дарга өгсөн байна. Улмаар Их тэнгэрийн ам, Туул гол дагуу хоёр байршилд амралтын бүс байгуулахаар боллоо.
Тохижилтийн ажлын хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газраас шалгалт зохион байгуулахад 10 байршилд үерийн бүс болоод далан суваг, хамгаалах байгууламж дээр ажлын байр барьсан, үйлчилгээний объект, чингэлэг контейнер байршуулсан зөрчил илэрчээ. Эдгээрийг нүүлгэн шилжүүлэхээр албан шаардлага хүргүүлсэн гэнэ.
Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, газрын зөрчлийг арилгах үүднээс зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж буй. Нийслэлийн хэмжээнд энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгаж, 66 мянган метр квадрат талбайг тохижуулж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 44 байршлын 1143 гараашийг буулгаж, 20.1 мянган метр квадрат талбайг нийтийн эзэмшилд бүртгэн авчээ. Чөлөөлсөн газарт тохижилтын ажил хийж байна.