Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран 2022 оны тавдугаар сарын 3 буюу дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Глоб Интернэшнл төв ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 11:00-13:00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлгийг нээж, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никейз, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нар үг хэлнэ. Мөн ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан видео мэндчилгээ дэвшүүлнэ.
Мөн Глоб Интернэшнл Төвөөс "Үнэний Төлөө" шагналыг энэ жил 14 дэх удаагаа гардуулна. Энэхүү шагналыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг онцлон шагнадаг.