УИХ-ын гишүүн Т.Доржханд тавдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" жагсаал зохион байгуулна гэж хэлэв.
Тэрбээр, "Залуус "өөрсдөө хэмнэ" гээд жагссан. Гэтэл энэ УИХ хэмнэх хууль баталсангүй. Залуусын жагсаал ямар ч үр дүнгүй боллоо. Бодит байдлыг харсан УИХ-ын гишүүний хувьд урам хугарлаа. Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. УИХ өнгөрсөн баасан гаригт Хөгжлийн банкны хулгайч, луйварчидтай холбоотой асуудлыг нууцаар хэлэлцлээ. Тэднийг хамгаалж авч үдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хуулийн байгууллагын оруулж ирсэн энэ асуудлыг олонхиороо хамгаалж авч үлдэх нь маш хариуцлагагүй үйлдэл. Миний хувьд цаашид УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсноо мэдэгдье. Ганцаараа тэнд суугаад өөрчлөлт гарахгүй юм байна. УИХ-ын танхим дотроос биш, гадаа талбай дээр иргэд, залуустай хамт тэмцье гэж шийдлээ.
Өнөөдөр бид тогтолцоогоо өөрчлөхгүйгээр хөгжил ярих боломжгүй болсон байна. Улсын төсвөө 21 аймаг 330 сум руу тараагаад хөгжиж байгаа юм алга. Бидний явж байгаа тогтолцоо буруу байна. Тиймээс "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэж байгаа юм. УИХ тогтолцоогоо өөрсдөө өөрчилье. Тавдугаар сарын 5-ны 12.00 цагт цайны цагаараа иргэд, залуус Сүхбаатарын талбай дээр ирж, үзэл бодлоо илэрхийлэн хамтдаа өөрчлөлт хийе" гэлээ.