Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Үүний дагуу өнгөрсөн оны буюу 21 дэх илтгэлийг энэ оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын даргад өргөн бариад буй. Илтгэлийг УИХ хаврын чуулганд багтаан хэлэлцэх ёстой. Энэ удаагийн илтгэлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш, “Ковид-19” цар тахлын үед хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага, сургамж, жендерийн эрх тэгш байдлын баталгааг хэрхэн хангаж байгааг онцолжээ.
Мөн хөдөлмөрлөх эрхийн хүрээнд төрийн болон хувийн хэвшил дэх дарамт, хүчирхийллийн тархалт, хэлбэр, зөрчлийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт болон цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт, үнэлгээ гэсэн үндсэн зургаан сэдвийг хамруулсан байна. Үүний өмнөх буюу 20 дахь илтгэлд “Ковид-19” цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний байдлыг бүхэлд нь онцолсон юм.
Тэгвэл Цэргийн албаны болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцааг хориглосон зохицуулалтыг тусгах тухай саналыг ХЭҮК-оос УИХ-д илгээжээ. Илтгэлд “Хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг боловч Үндсэн хууль, олон улсын эрх зүйгээр баталгаажсан амьд явах, халдашгүй чөлөөтэй, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх болон эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхээс нь хасаж болохгүй. Энэ зарчмыг Цэргийн алба хаагчийн эрх байдлын тухай хууль, холбогдох дүрэм, зааварт тусгаагүй нь хүний эрх зөрчигдөх, цэргийн дүрмийн бус харьцааг нуугдмал байдалд оруулж болзошгүй юм” гээд сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, 44 хүний амь нас хохирсныг онцолжээ. Тодруулбал, хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэндэд хохирол учруулсан 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчил 105 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд ХЭҮК-оос хийсэн судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь алба хааж байх үедээ дүрмийн бус харьцааны хохирогч болжээ. Энэ нь хугацаат цэргийн таван алба хаагч тутмын нэг нь гэсэн үг юм. Гэхдээ энэ нь 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил 11.3-20.4 хувиар буурсан дүн аж. Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, тэр ч бүү хэл бэлгийн хүчирхийлэл, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, ажил хийлгэх хэлбэрээр илэрч буй юм.
Тухайлбал, бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил, жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр мөн. Социологийн судалгаанд оролцогчдоос бэлгийн дарамтад ямар нэгэн хэлбэрээр өртөж байсан талаар тодруулахад, бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтнээр оролдох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэргээр илэрч, зэвсэгт хүчин, хилийн цэрэгт тус бүр найман алба хаагч бэлгийн дарамтад өртсөн гэжээ. Мөн цэргийн алба хаасан 17 иргэн бэлгийн дарамтад ямар нэгэн байдлаар өртөж байснаа илэрхийлсэн аж.
Үндсэндээ цэргийн “дэглэлт”-ийн хуучин арга, хэлбэр өнөөг хүртэл арилаагүйг ам дамжсан яриа, үе үе дэгддэг хэрэг явдал бус, Хүний эрхийн үндэсний комиссынх нь илтгэл нотлов. Энэ нь ч хүний амь нас, эрүүл мэнд хохирох, цэргийн албанаас оргон зайлах болон цэргийн албаны эсрэг ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан, нөхцөл болж байгаа нь судалгаанаас харагдаж буйг дурдсан байна.
Ер нь хүчирхийлэл хаа сайгүй байна. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч, гуравдагч этгээдийг хамгаалах, тэдэнд сэтгэл зүйн хийгээд захиргааны шаардлагатай дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгохыг ХЭҮК-оос анхааруулжээ. Улмаар энэ төрлийн дарамт, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар Зөрчлийн болон Эрүүгийн хуульд нэмэлт зохицуулалт тусгах ёстойг тус илтгэлд онцлов.
Баримт дурдвал, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх судалгаанд оролцогчдын дийлэнх буюу дунджаар 83.7 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтыг “хүний эрхийн зөрчил”, 14.8 хувь нь “мэдэхгүй” гэжээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 10, эрэгтэйчүүдийн 2.8 хувь нь ажил эрхлэлтийн явцад ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртдөгөө хэлсэн байна. Төрийн байгууллагын ажилтнуудын 4.3, хувийн хэвшлийн 11.1 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж буй ч энэ талаар гомдол гаргаагүй гэж 83.2 хувь нь хариулжээ.
Харин саяхан танилцуулсан Монголын ардчилал, хүний эрхийн талаарх Европын Холбооны 2021 оны тайланд дээр дурдсан сэдвүүдийг ч дурдсан байна. Тухайлбал, манай эрх баригчид жендерт суурилсан хүчирхийлэл, тэгш бус байдал, бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоохыг хичээж буй хэмээв. Энэ оны эхний өдрөөс мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар ялгаварлан гадуурхахгүй байх явдлыг зохицуулж, ажлын байран дахь дарамт, хүчирхийллээс хамгаалах заалт тусгасныг онцолсон байна.
Мөн ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг УИХ энэ онд томилно гэж найдаж буйгаа дурдсан байна. Арга ч үгүй биз. Учир нь УИХ 2020 оны нэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Улмаар эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг хоёр жил гаруйн өмнө эхлүүлж, хэд хэдэн удаа зарласан ч өдий хэр томилоогүй л байна. Тухайлбал, анхны сонгон шалгаруулалтад дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн ч ажлын хэсгийнхнээс олонхын санал аваагүй. Сүүлийн сонгон шалгаруулалтаар эл албанд Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар нэрээ дэвшүүлж, тэдэнтэй ажлын хэсгийнхэн томилгооны сонсгол зохион байгуулаад буй. Тэднээс Я.Цэлмэн олонхын санал авч, нэрийг нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд уламжлаад байна. Нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг ирэх сарын 3-нд зохион байгуулна.
Я.Цэлмэн нь 1981 онд төрсөн, эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор (PhD) цолтой. Өдгөө тэрбээр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багшилдаг бөгөөд Завхан аймгийн Цагдаагийн газар, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхлүүлжээ.
Уг нь манайд эрүү шүүлт байгааг, түүнийг хүлээн зөвшөөрөх ёсгүйг ХЭҮК өнгөрсөн 20 жилийн хугацаанд илтгэлүүддээ их, бага хэмжээгээр хөндөж ирсэн байдаг. Тэр тусмаа сүүлийн 10 гаруй жилийн илтгэлдээ тусгайлан бүлэг, сэдэв болгон онцолсон юм. Олон улсын байгууллагуудаас ч манайд байнга зөвлөмж ирүүлж байсан билээ. Үр дүнд нь хүний эрхийн үндэсний байгууллагадаа эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг тусгайлан ажиллуулахаар хуульчилсан ч өдий хүртэл суудал нь хоосон байна. Цаашид хэр удаан хоосон байхыг нь ч хэлж мэдэхгүй нь.
Юутай ч энд дурдсанчлан олон баримтыг 21 дэх илтгэлээс харж болох нь. Гэхдээ УИХ-ын гишүүдийн шүүгээний буланд дарагдаж хоцордог жил жилийн тайлан шиг үлдэж, хэлэлцсэн болоод өнгөрөх вий гэх бодол төрж буйгаа нуух юун. Жишээ нь, ХЭҮК-ын 2007 оны илтгэлд цэргийн алба хаагчдын эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг онцолж байв. Ингэхдээ тэнд бий болсон дүрмийн бус харьцаа, цэргийн алба хаагчдад оногдуулж буй сахилгын шийтгэлийг онцолж, хойшид ийм явдал гаргуулахгүй байх чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад анхааруулж, санал, зөвлөмж хүргүүлж байсныг тухайн үеийн илтгэлээс харж болно. Хэдийгээр 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад өнөөдөр цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил буурсан гэж байгаа ч “агуулга”, хэлбэрийн хувьд аймшигтай болжээ. Хэрэв ХҮЭК-оос 15 жилийн өмнө өгсөн зөвлөмж, сануулгыг ажил хэрэгчээр хүлээн авч, хэрэгжүүлсэн бол ийм байдалд хүрэх байсан уу. Бодоод үзээрэй, УИХ-ын гишүүд ээ.