Бүтээн байгуулалтын салбаруудад ашигладаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах хамгаалалтын хэрэгслийн чанарыг баталгаажуулах лабораторийг өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт нээлээ. Хамгаалалтын дуулга, ажлын гутал, өндрийн уналтаас хамгаалах хэрэгслийн чанарыг шалгах, баталгаажуулах төхөөрөмжүүдээр уг лабораторийг тоноглосон байна. Ийм лабораторитой болсноор бүтээн байгуулалтын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого зэргээс сэргийлэх ач холбогдолтойг тус газрынхан онцолсон юм. Манай улс хамгаалах хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэдэггүй, импортоор авдаг. Гэтэл импортын хамгаалах хэрэгслүүд шаардлага хангаж буй, эсэхийг турших, шалгах боломж байгаагүй аж. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгээр 2017 оноос хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх техникийн хамтын ажиллагаа” төслийн санхүүжилтээр уг лабораторийг байгуулжээ.
Бэлтгэсэн М.Оч