Гольфын шинэ улирлын нээлт энэ сарын 26-нд “Baldorj cup-2022” тэмцээнээр эхэллээ. “Baldorj cup”-ыг 2008 оноос хойш жил бүрийн гольфын улирлын хамгийн эхний тэмцээн болгож “UB resort” гольфын талбайд зохион байгуулж ирсэн уламжлалтай. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Монголын анхны гольфчдын нэг Ц.Балдорж агсны нэрэмжит энэ тэмцээнийг “Балдорж” сан, “Заан тэрэлж” гольф клубээс 13 дахь жилдээ зохион байгуулсан юм. Арвин түүхтэй, гольф сонирхогчдын хүсэн хүлээдэг уг тэмцээнийг цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил өнжсөн билээ. Өөрөөр хэлбэл, үүнээс өмнө 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, 44 тамирчин оролцсоноос Ч.Гантөмөр 82 оноогоор түрүүлж байжээ. Энэ жилийн “Baldorj cup” анх удаагаа “Чингис хаан сс” гольфын талбайд болсноос гадна Монголын гольфын холбооны гишүүдийн чансаа тогтоох 500 онооны тэмцээн гэдгээрээ онцлог байв. Үүнд Монгол, БНСУ-ын эрэгтэй 77, эмэгтэй 17, нийт 94 гольфчин strokeplay форматаар өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Эрэгтэйчүүдээс Г.Мөнгөншагай 78 оноогоор нэгдүгээр байрт орсон юм. Удаах байруудад Ж.Маргад (80), Ч.Бат-Амгалан (80) нар шалгарсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс Квон Мён Жа 81 оноогоор тэргүүлж, Х.Тэлмэн (91) удааллаа. Эрэгтэйчүүдийн хандикап ангилалд Г.Оргил тэргүүлж, Ким Хеон Дог удаалав. Эмэгтэйчүүдээс Э.Мишээл нэгт, Э.Будбилэг хоёрдугаар байрт жагслаа. Хамгийн хол цохих тэмцээнд Я.Баярхүү 310 метрийн үзүүлэлтээр шилдгээр шалгарав. Хамгийн ойр цохих тэмцээнд 90 см-ийн үзүүлэлтээр Б.Мөнхбаатар тэргүүлсэн юм.
Бэлтгэсэн: Ц.Баяр