Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гурил болон мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбумын эх үүсвэрийг гурван хувийн хүүтэй зээл олгож, зөрүү болох 10.6 хувийн хүүг Засгийн газар төсвөөс дэмжлэг болгож гаргахаар шийдвэрлэлээ. Энэ нь иргэдэд очих мах болон гурилын үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газраас гаргаж буй хүүгийн татаасын дэмжлэг гэж ойлгож болно.
Засгийн газар төв, суурин газарт амьдардаг иргэдийнхээ хэрэгцээнд нийцүүлж 12.7 мянган тонн мах бэлдсэн. 30 хувь нь үхэр, 70 хувь нь хонины мах бий. Зах зээлд нөөцийн хонины мах 8300, үхрийн мах 8900, ямааны мах 7100 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Засгийн газар өнөөдөр хонины махны 250 төгрөгийн хөнгөлөлтийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөөс гаргаж, мах бэлдсэн ААН-үүдэд өгөхөөр шийдвэрлэлээ. Мөн 23 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр хэмнэж, хонины мах нийтдээ 350 төгрөгөөр хөнгөлөгдөж үзүүлнэ. Ингэснээр хонины мах 7950 төгрөг болж хямдарна. Гулуузуур нь зарахдаа 7750 төгрөгөөр худалдаална. Нөөцийн мах зарж буй цэгүүдийг 20-оор нэмэгдүүлнэ.
Мөн 12 сая шүлхийн вакцин татан авсан. Вакцинжуулалт 55 хувьтай байна. Нийтдээ 15 мянга орчим мал тусгаарлалтад байна. Вакцины хугацаа ирэх сарын 4-нд дуусна. Зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд шүлхийгүй болно." гэлээ.