Гадаадын хөрөнгө оруулагч, үйлдвэр, аж ахуйн нэгжид удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа гэх зэргээр оршин сууж буй харь орны иргэд өнөөдөр Монгол Улсад 16 мянга гаруй бий гэдэг. Тодруулбал, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн 16 700, үүнээс өмнөд хөршийн 6000 орчим хүн манай оронд ажиллаж, амьдарч байна. Гэвч зарим нь туурга тусгаар Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоон, эрүүгийн хэрэг удаа дараа өдүүлж, монголчуудын эрх ашгийг хохироосоор буй юм. Тэр дундаа бидэнтэй цус нэгтэй хэмээдэг, өвөрмонголчууд манай улсад ирээд хууль тогтоомж зөрчиж, гэмт хэрэг өдүүлж байна. Уг нь 2010 онд баталж, өдгөө ч хүчин төгөлдөр үйлчилж буй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.1-т Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийхийг хориглохоор заасан.
Гэтэл өвөрлөгч иргэд манай улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлэхүйц гэмт хэрэг өдүүлчихээд хээвнэг амьдарч, эрүүгийн хэрэгт шалгуулж буйгаа ч юманчинээ тоохгүй явна. Ганцхан хүн бус, хэд хэдэн өвөрлөгч иргэн монголчуудыг хохироосон үйлдэл гаргаж буй юм билээ.
Тухайлбал, А гэх өвөрлөгч эмэгтэй манай улсын нэг бус аж ахуйн нэгжийг залилан мэхэлж, 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад буй аж. Өөр нэг өвөрлөгч эр манай аж ахуйн нэгж, иргэдийг “хулхидан” маш их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хууль сахиулах байгууллагынханд шалгуулж байна.
БУЙДАНД БҮГСЭН ЭР ХАХУУЛЬ ӨГЧ ШТАМП ДАРУУЛСАН БОЛОЛТОЙ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалай тэргүүтэй 8-9 хүнд холбогдох хэргийг хэлэлцэхээр хэдэн жилийн турш товлосны эцэст өнгөрсөн оны сүүлчээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаачихаад байгаа юм. Шүүх дээр бараг гурван жил болсон эл хэргийн гол холбогдогч нь Б.Эрдэнэдалай хэмээх БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэн. Тэрбээр манай улсад ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж, улмаар Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад нэвтрэх виз авалгүй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор нуугдаж орж ирсэн аж. Ингэхдээ БНХАУ-аас манай улс руу нэвтрүүлсэн буйдан дотор бүгж, ачааны машинд ачуулан хөл тавьсан гэдэг. Нэгэнт Монгол Улсын хилээр гарч явсан гадаадын иргэн ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд танил тал, ар, өврийн хаалга хайсан нь мэдээж. Энэ бүхний эцэст албан тушаал, эрх мэдлээ хэдхэн төгрөгийн төлөө золиослох хил, гаалийн ажилтан олж, тэднийгээ ашиглан Монгол Улсын хилээр нэв тэрснийг гэрчлэх штамп даруулжээ. Тодруулбал, өмнөд хилээр орж ирсэн өвөрлөгч эрийн паспорт дээр хойд хилээр нэвтэрсэн гэх тамга дарчихсан байгаа юм. Үүнээс үүдээд хил, гаалийн ажилтнууд, буйданд бүгсэн хүн тээвэрлэж хилээр нэвтрүүлсэн жолооч гээд 8-9 хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан манай тагнуулын байгууллагынхан шалгаж эхэлсэн байдаг.
Улмаар дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 19.14-2.1 дэх хэсэгт заасан “ Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд прокурорт буцаагаад байгаа. Чухам ямар ажиллагаа хийлгэхээр буцаасныг тагнуулын байгууллагынхан “нууцад хамаарах хэрэг” гээд хэлэхийг хүсэлгүй өдий хүрч байна. Магадгүй хил, гаалийнханд хэчнээн төгрөгийн хахууль өгч хил нэвтэрсэн тамга даруулсныг тогтоох даалгавар шүүх өгсөн болов уу. Мэдээж тухайн бүсээр нь нэвтрээгүй харийн иргэнд үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг гэмт хэрэг өдүүлэн байж тамга дарж буй болохоор тодорхой хэмжээний урамшуулал хил, гаалийнхан авсан нь дамжиггүй.
Өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалай ийнхүү Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хэрнээ эрх чөлөөтэй, наранд алхаж, өөрийн орны төдийгүй манай олон иргэнийг хохироосоор буйг яалтай.
НЭГ ХЭРЭГТ ГЭМ БУРУУГАА ДЭНСЛҮҮЛЭХЭЭР ХҮЛЭЭЖ БАЙХДАА ӨӨРИЙГ ӨДҮҮЛЭВ
Б.Эрдэнэдалай хэмээх өвөрлөгч иргэнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж чадалгүй ихэд удсан талаар дээр өгүүлсэн. Ийнхүү гэм буруутай, эсэхээ дэнслүүлэхээр хүлээж байхдаа өөр гэмт хэрэг өдүүлсэн юм. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр БНХАУ-ын нэгэн иргэнд халдаж, гар утас, автомашин, бичиг баримтыг нь дээрэмдэж, гарын үсэг зуруулсан байдаг. Уг хэргийг манай улсын харьяат, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан 3-4 залуу, нэг эмэгтэйн хамт үйлдсэн бөгөөд ЭЦА-ныхан шуурхай эрэх сурвалжилсны дүнд уг хэргийг үйлдсэн хүмүүсийг саатуулж, өмнөд хөршийн иргэнээс дээрэмдсэн эд зүйлийг нь нотлох баримт болгон хурааж авсан юм. Түүгээр ч зогсохгүй уг хэргийг захиалсан хүн нь мөнөөх Б.Эрдэнэдалай гэх өвөрлөгч эр болохыг тогтоосон билээ.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл ганцхан өдрийн дотор “ногоон гэрлээр” авсан гэх хэрэгт холбогдсон “Шинжаан шинфа” компанийн захирал Сун Гуанчин нь ял шийтгүүлэхээсээ өмнө өөрийн эзэмшлийн хувьцаагаа 51:49-ийн харьцаатай хуваан нутгийн иргэддээ эзэмшүүлсэн гэдэг. Шүүхээс оноосон ял шийтгэлээ эдэлж дуусаад гарч ирээд удаагүй байхад нь уг компанийн хувьцаатай холбоотой маргаан дэгдэж, үүнд нь дээрх Б.Эрдэнэдалай оролцсон аж. Ингэхдээ эл компанийн 51 хувийг эзэмшигч талынх нь эрх ашигт үйлчилж, 49 хувийн хувьцааны тодорхой хэсгийг нөгөө талдаа шилжүүл хэмээн дарамтлан, гарын үсэг зуруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэнэ. Уг хэргийг нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж байгаад прокурорын байгууллагаас тогтоосон харьяаллын дагуу ЭЦА-нд шилжүүлэхээр болж буй сурагтай.
Манай орны нутаг дэвсгэрт, монголчуудыг гар хөлөө болгож ашиглан, эх орон нэгтэндээ халдсан эл үйлдлийг бусад хэрэгтэй нь нэгтгэн шалгаж, шийдвэрлэх биз. Эл хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар твиттер хуудсандаа нэлээд ноцтой үйлдлүүдийг дурдан “жиргэж” байсан юм. Тодруулбал, тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулагчийг зодож, дарамталсан хэрэг 2021 онд гарсан. Гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэний машинд Улаанбаатар хотын төвөөс хоёр хүн сууж, хотын зах руу гарч байгаад эрх чөлөөнд нь халдаж, зодон, улмаар концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардаж, гарын үсэг зуруулсан. Түүнийгээ Төрийн ордны шуудангаар концесстэй холбоотой байгууллага руу явуулсан. Өөрөөр хэлбэл, замын концесс эзэмшдэг компанийг концессоосоо татгалзахыг шаардан сүрдүүлсэн гэсэн үг. Үүнд гадаадын иргэд бас давхар холбогдон шалгагдаж байгаа” хэмээж байв.
БАНКУУДААС ХУУРАМЧ БАТАЛГАА АВЧ ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ГЭВ ҮҮ
Буйданд бүгж Монгол Улсын хилээр нэвтэрсэн Б.Эрдэнэдалай хэмээх өмнөд хөршийн иргэн хууль сахиулах байгууллагынханд тайлбар өгөхдөө “Монголд амьдардаг эхнэр, хүүхэдтэйгээ хамт байхын тулд, Хятадад намайг хэсэг, бүлэг хүн хөнөөхөөр оролдсон учраас зугтаж ирсэн” хэмээдэг аж. Нутагтаа ханилсан О гэх эхнэр нь өдгөө Монголд амьдардаг гэнэ. Б.Эрдэнэдалай манай улсаас орогнол хүсэж, НҮБ-ын холбогдох байгууллагад хандсан гэж ч тайлбарладаг гэсэн. Харин манай улсад бас нэг эмэгтэйтэй хамтран амьдраад зогсохгүй нэгэн охиныг өргөж авсан тухай мэдээлэл ч бий.
Нутаг нэгтнээ дарамталж, гарын үсэг зуруулсан хэрэгт холбогдмогц нь түүнийг хууль сахиулах байгууллагынхан цагдан хорихоор шийдвэрлэсэн ч төд удалгүй батлан даалтад гарчихсан, сүүлийн үеийн “Ланд круйзер-300” загварын цагаан өнгийн автомашин жолоодон явж байгааг түүнд эд хөрөнгөө залилуулсан нэг бус хохирогч, өмгөөлөгч нар хараад ихэд уурсаж буй юм билээ.
Тэрбээр Төрийн болон ХААН банкны нэг бус тооцооны төвийн эрх бүхий албан тушаалтнуудын дэмжлэг, туслалцаагаар олон тэрбум төгрөгийн банкны баталгаа гаргуулан авсан юм байна. Улмаар түүнийгээ ашиглан аж ахуйн нэгж, иргэдийг залилан мэхэлж хохироожээ. Харин дээрх хоёр банкны албан тушаалтнууд нь магадгүй Б.Эрдэнэдалайгаас тодорхой хэмжээний шан, харамж авсны эцэст л олон тэрбумын баталгаа гаргаж өгсөн биз. Түүний бусдыг залилсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаад өдгөө МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн, НПГ-аас хяналт тавьж буй аж. Энэ талаар тус хэлтсийнхнээс лавлахад “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй учраас прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар нэг мэдээлэл одоогоор өгөх боломжгүй” хэмээж байна. Юутай ч түүнд холбогдох хэргийн талаар бид нэхэн сурвалжилж хүргэх болно гэдгээ ташрамд илэрхийлье.
ЗАЛИЛЖ АВСАН ШАТАХУУНАА АГУУЛАХЫН ҮҮДЭНД ХЯМД ҮНЭЭР БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ
Б.Эрдэнэдалайд эд хөрөнгөө луйвардуулсан 4-5 хохирогч бий юм билээ. Тэрбээр банкны баталгаа болон өөр бусад хуурамч бичиг баримт ашиглан манай улсын бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийнхнийг залилж, маш их хэмжээний мөнгөөр хохироогоод байгаа юм. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумд шатахуун түгээх станц ажиллуулдаг нэгэн иргэнээс их хэмжээний мөнгийг нь залилжээ. Ингэхдээ “Концессоор Баянхонгор луу зам тавьж байгаа. Өнөө, маргаашгүй концессын төлбөр нь орж ирнэ. Тэр болтол зээлээр түлш авч хэрэглэж байгаад хүү, алданги тооцон төлбөрийг чинь өгье. Концессын баталгаа нь энэ байна” хэмээн бичиг баримт үзүүлэн итгүүлж, дизелийн түлш авсан аж. Энэ үед дээрх иргэн сумынхаа нэг бизнес эрхлэгчээс олсон ашгаа хуваахаар тохиролцон мөнгө зээлж, нэлээд их хэмжээний шатахуун нефть импортлогч нэгэн аж ахуйн нэгжийн Толгойт дахь агуулахаас худалдаж аваад Б.Эрдэнэдалайд өгчээ.
Харин мөнөөх өвөрлөгч эр дээрх агуулахаас авсан шатахуунаа үүдэнд нь зогсож байсан хүмүүст бөөний үнээс нь хямдаар борлуулчихаад мөнгийг нь аваад алга болсон гэдэг.
Тэрбээр зөвхөн концесс гэж залилахаас гадна БНХАУ-ын талаас их хэмжээний хөрөнгө оруулалт удахгүй орж ирж байгаа гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлэн мэхэлсээр удаж буй атал ямар нэг хариуцлага хүлээсэнгүй, үнэтэй машин хөлөглөж давхисаар байгаа юм. Б.Эрдэнэдалайд эд хөрөнгөө залилуулж хохирсон иргэнд мөнгө зээлдүүлсэн нутгийнх нь бизнес эрхлэгч гэр бүлийнхэн өдгөө залилагч эртэй санаа нэгдсэн бололтой. Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүнтэй тэр гэр бүлийнхэн, мөнөөх Б.Эрдэнэдалай түүний өмгөөлөгч нарын хамт уулзаж, тохиролцоонд хүрээд зогсохгүй, жинхэнэ хохирогчийгоо шүүхэд өгөн мөнгөө нэхэмжилж буй аж.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийхийг хориглохоор заалтыг илт зөрчиж, манай үндэсний аюулгүй байдалд ч ноцтой хохирол учруулж болзошгүй гэмт хэрэг өдүүлсэн ийм нэг өвөрлөгч эр бидний дунд амьдарч байгаа тул түүнд залилуулж мэхлүүлэхээс бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийнхэн сэрэмжлэх нь зүйд нийцэх биз ээ.
Бэлтгэсэн Г.Равжаа