БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг нэг өдрийн хугацаанд цахимаар бүртгэхээр болсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас уг ажлыг зохион байгуулж буй бөгөөд харамсалтай нь цахим систем гацаж, эвдэрсний улмаас бүртгэл амжилтгүй болжээ. Нэг компьютероос гэхэд 20 удаа системд хандсан гэх мэтийн давхардал үүсжээ. Үүнээс болж системд нийт 60-70 мянган хүн бүртгүүлсэн мэт харагдаж, будилаан үүссэн байна. Улмаар системд нэвтэрч чадаагүй иргэд тус агентлагт гомдол гарган, хардаж, сэрдэхэд хүрчээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр албан ёсоор бол 2200 хүн бүртгүүлсэн гэж тооцож буй юм байна. Өчигдөр 19.00 цагийн үед албаны эх сурвалжтай холбогдон, нөхцөл байдлыг тодруулахад “Систем гацаж, эвдэрсэнтэй холбоотойгоор БНСУ-ын талтай харилцан зөвшилцөж байна. Энэ удаагийн бүртгэлийг хүчингүйд тооцож, дахин явуулах талаар ярилцаж буй” хэмээн мэдээлэв. Талууд ямар шийдэлд хүрсэн талаар өнөөдөр олон нийтэд мэдээлнэ гэж холбогдох албаныхан мэдэгдсэн юм.