Элчин сайд Б.Баярсайхан Беларусь Улсын Брест мужид 2022 оны дөрөвдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд ажиллав. Тэрбээр Брест мужийн гүйцэтгэх хорооны дарга, захирагч Ю.В.Шулейко, Брест хотын дарга А.С.Рогачук, Брестийн Хил хамгаалах хорооны дарга С.Якута, Брест дэх Эдийн засгийн чөлөөт бүсийн ерөнхий захирал М.Н.Самолазов нартай уулзалт хийв.
Уулзалтын үеэр Элчин сайд Б.Баярсайхан хоёр улсын хоорондын худалдааг харилцан ашигтай байдлаар нэмэгдүүлэх, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Европ тивд гаргах гол гарц болох Брест боомтоор зорчих тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, ачаа барааг саадгүй нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг айлын талаас хүсэв.
Беларусийн талаас Брест мужийн гүйцэтгэх хорооны дарга, захирагч Ю.В.Шулейко тус мужийн худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хил гааль, бүс нутгийн эдийн засгийн чөлөөт бүсийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Брестийн эдийн засгийн чөлөөт бүсийн дарга М.Н.Самолазов монголын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүнийг эдийн засгийн чөлөөт бүсэд худалдаалах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.