Дорнод аймгийн Булган сумын нутаг Норовлин уулын неолитын үеийн булшинд нас барагчийг дагалдуулан олон тооны эд өлгийн зүйл тавьсны нэг хэсэг нь хясаа болон амьтны соёогоор хийсэн гоёл чимэглэлийн зүйл юм. Хүнд зүүлгэж дагалдуулсан бололтой эдгээр чимэглэлийг өөр өөр материалаар, харилцан адилгүй хэв загвартайгаар урласан байна. Норовлин уулын булшнаас зэрлэг гахайн соёогоор, түүний үндсэн хэлбэрт тохируулан саран маягийн хэлбэрт оруулан гадна талыг нь өнгөлж зассан зүүлт хоёр олджээ. Зүүлтний хоёр үзүүрт оосорлон зүүхэд зориулж нэвт нүх гаргажээ.
Эдгээр зүүлтийн хэлбэр, хэмжээ адил юм. Булшнаас гарсан олон тооны шавар сондорын үзүүрт энэ эдлэлийг оруулан зүүдэг байсан бололтой. Булшнаас гарсан өөр нэг сонирхолтой эдлэл бол хясааны ясыг хөндлөн тайрч, гадрыг нь зүлгэн өнгөлсөн зууван дугуй хэлбэрийн чимэглэл юм. Зүүсгэлийн зориулалттай уг эдлэлийн нэг ирмэгийн багахан хэсэгт босоо хэрчлээсүүд гарган чимсэн байна. Оосорлох нүх гаргаагүй тул уг зүүлтийн хамгийн нарийн ирмэгээс урхидан зүүж хэрэглэдэг байжээ.
Дээр дурдсан хүний зүүсгэлээс гадна нас барагчийн хувцсанд хадаж байсан бололтой гахай, зарааны дүрстэй, дунд нь зэрэгцээ нэвт нүхлэсэн чимэг, хоёр хажуу, доод ирмэгийг нэгэн жигд шүдлэг маягаар иржийлгэн засаад дээд хэсэгт нь голлуулан хос нүх гаргасан чимэглэл, дугуй хэлбэртэй, гадар ирмэгийг тойруулан хэрчлээс гаргаж дунд нь нэвт нүхлэсэн од, дусал болон зууван хэлбэртэй, дээд, доод талдаа нүхтэй танан чимэглэлүүд олдсон байна.Норовлин уулын булшнаас хүний зүүсгэл болон хувцасны чимэглэл олон олдсон нь нас барагч энгийн нэгэн байгаагүйг харуулдаг. Мөн шүтлэгийн анхны дүрийн илэрхийлэл болсон чулуун онго дагалдуулсан нь уг булшинд бөө удган хүнийг оршуулсан байх магадлалтай юм. Монгол орны дорнод хэсгээс илрүүлсэн неолитын үеийн булшнууд (Тамсагбулаг, Хэрлэнгийн эргийн Баруун Өлзийт) оршуулгын зан үйлийн хувьд адилсах боловч дагалдуулсан эд өлөг, ялангуяа гоёл чимэглэлийн зүйлсээр Норовлин уулын дурсгал илүү баялаг төлөөлөлтэй байгаа нь тухайн дурсгалуудын холбогдох он цагийн хамаарлаас гадна нас барагчийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг нөлөөлсөн байх магадлалтай юм.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Зараа уулын Ил энгэрийн неолитын дурсгалыг малтан шинжих явцад ирмэгийг нь хэлбэр гарган зассан, дундаа нэвт нүхтэй хясаан зүүлт хэд хэд гарсан нь хийсэн арга барил, хэлбэр, хэмжээгээрээ Норовлин уулын булшнаас олдсон хувцасны чимэглэлүүдтэй адил юм. Мөн Байгаль орчмын неолитын булшнуудаас зэрлэг гахай соёогоор хийсэн хүзүүний зүүлт, хясаан чимэглэлүүд олон олдсон нь бидний өгүүлэн бүхий чимэглэлүүдтэй адилсана.Норовлин уулын булшнаас олдсон гоёл чимэглэлийн зүйл Монгол нутагт эрт цагт аж төрж асан хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, шашин, зан үйлийг судлах хэрэглэгдэхүүн болохоос гадна чимэглэх урлагийн түвшинг илэрхийлж байдаг.
Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн