Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын эсийн 18 000 гаруй дээжид генетикийн иж бүрэн шинжилгээ хийх явцдаа эл төрлийн өвчин үүсгэгч шинэ мутац илрүүлсэн талаараа мэдээлэв. Дэлхийн хэмжээнд өнөөдрийг хүртэлх хавдрын гений түвшний судалгаануудаас хамгийн өргөн хүрээнийх хэмээн үүнийг онцлон тэмдэглэжээ. Учир нь хүний геномыг бүрэн тайлж чадсанаараа онцлогтой. Хорт хавдартай хүмүүсийн гений санг судлах төслийн хүрээнд 12 200 гаруй өвчтөний мэс заслын сорьцыг шинжлэхдээ генетикийн дараалал тогтоох технологи ашигласан аж. Ингэж шинжилснээр ямар мутац нь хорт хавдар үүсгэдэг болохыг тогтоосон гэнэ. Тодруулбал, судалгаанд хөх, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, тархины хорт хавдрыг судалжээ. Дараа нь эрдэмтэд хорт хавдар үүсгэдэг 58 шинэ шалтгааныг тогтоосон байна. Зарим төрлийн хавдар нь хүний эсийн доторх “асуудлаас” үүдэлтэй байдаг бол хэт ягаан туяа, тамхины утаа, химийн бодис зэрэг хүрээлэн буй орчны нөлөөллөөс үүдэлтэй нь ч бий. Энэ удаагийн судалгааны ачаар эл өвчнийг эмчлэхэд ашиглах боломжтой илүү өргөн мэдээлэлтэй болсон бөгөөд цаашид мутацын нийтлэг хэв маягийг тогтооход туслах компьютерын тооцооллын арга боловсруулсан байна.