“Нэг иргэн–Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Бүртгэлийн байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, программ хангамжийг шинэчлэх, сайжруулах”, “Дэд бүтцийг шинэчлэн зохион байгуулж, иргэний бичиг баримтын үйлдвэрийг өргөтгөх”, “Бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлж, чадавхижуулах” зорилтуудыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн байгууллага Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох “КОЙКА”-тай хамтран “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт дараах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн.
Үүнд:
- Улсын бүртгэлийн байгууллагын нэгж 330 сум, 172 хорооны тоног төхөөрөмжийг шинэчлэх,
- Мэдээллийн сан, нэгдсэн системийн сервер болон хадгалах төхөөрөмжийг шинэчлэх,
- Албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.
2020 оны нэгдүгээр сард төслийн хэлэлцээрийн протокол батлагдсан хэдий ч Ковидийн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн сургалтууд хойшлогдсон бөгөөд 2021 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд дотоодын сургалтыг, харин 2022 оны эхний хагас жилд гадаад сургалтууд хийгдэхээр төлөвлөсөн байв. Тус ажлын хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 20 албан хаагч БНСУ-д сургалтад хамрагдаж байна.