“Цар тахлын нөхцөлд монгол хүний дасан зохицох мэдлэг, хандлага, дадлыг тогтоосон дүн” судалгааг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь удаагаа хийжээ. Манай улсад “Ковид-19”-ийн дотоодын халдварын анхны тохиолдол 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд бүртгэгдсэн. Тухайн үед коронавируст халдварын талаар иргэд хэр мэдлэг, мэдээлэлтэй байгаа, цар тахлаас сэргийлэх дадал хэвшилтэй болсон, эсэхийг тодруулахаар эхний судалгааг хийсэн юм байна. Үүнд оролцогчдын 41.7 хувь нь амны хаалтыг буруу зүүдэг, хоёр хүний нэг нь гараа зөв угааж дадаагүй гэсэн дүн гарчээ. Мөн гурван хүний хоёр нь хүн хоорондын зай барих дадал огт хэвшүүлээгүй байсан аж. Анхаарал татах бас нэг асуудал нь оролцогчдын олонх буюу 83.3 хувь нь нэг амны хаалтаа өдөржин зүүдэг гэж хариулж байжээ.
Тэгвэл энэ оны судалгаагаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар иргэдийн мэдлэг өмнөхөөс хэр дээшилж, хандлага, дадал нь өөрчлөгдсөн, эсэхийг тодруулахыг зорьжээ. Үүний хүрээнд нийслэлээс Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, орон нутгаас Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорноговь аймагт оршин сууж буй 2000 орчим иргэнийг судалгаанд хамруулсан байна. Оролцогчдоос цар тахалтай холбоотой 14 асуултад хариулт авсан бөгөөд 1.7 хувь нь бүгдэд нь зөв хариулжээ. Мөн 50.3 хувь нь 10-13 асуултад зөв хариулсан гэнэ. Харин 0.5 хувь нь “Ковид-19”-ийн талаар мэдээлэлгүй буюу нэг ч асуултад хариулж чадаагүй юм байна. Үлдсэн хувь нь цар тахлын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй гэж судалгааны багийнхан үзсэн аж.
“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа угаах гэсэн гурван дадлыг тогтмол мөрдөх нь чухал гэж өнгөрсөн хоёр жилийн турш эрүүл мэндийн байгууллагынхан олон нийтэд сануулсаар ирсэн. Тэгвэл иргэд энэхүү гурван дадлыг хэвшүүлсэн, эсэхийг уг судалгаагаар тодруулжээ. Үүний үр дүнд оролцогч иргэдийн 88.4 хувь нь амны хаалтыг олон хүн цугларсан газарт тогтмол зүүж хэвшсэнийг тогтоосон аж. Мөн 73 хувь нь ажлын байрандаа тогтмол зүүдэг болжээ. Түүнчлэн нэг амны хаалтыг удаан хугацаагаар зүүдэг байсан дадал өөрчлөгджээ. Тодруулбал, оролцогчид нэг амны хаалтыг дунджаар 4.2 цаг зүүдэг гэсэн байна. Үүний зэрэгцээ 83.2 хувь нь гар угаах давтамж цар тахлын өмнөх үеийнхээс нэмэгдсэн гэж хариулсан аж. Өөрөөр хэлбэл, цар тахлын нөлөөгөөр хүн амын гар угаах дадал өөрчлөгдөж, давтамж нэмэгдсэн гэж судалгааны багийнхан дүгнэжээ. Харин хүн хоорондын зай барих арга хэмжээний тухайд олонх иргэн чухал арга хэмжээ мөн гэж үзсэн ч уг дадлыг төдийлөн хэрэгжүүлдэггүй хэмээн хариулсан байна.
Бэлтгэсэн М.Оч