АН: Хөнгөн галт тэрэгний шугам тавих, эсэхийг нийслэлийн иргэдээс асуух ёстой
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга Д.Ганбат “2022 оны төсвийн төслийг өргөн барих үеэс л АН байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр үнэнд гүйцэгдэнэ гэгч нь болж байна. Энэ оны төсвийг дахин хэдэн удаа тодотгохыг хэлж мэдэхгүй нь. УИХ, Засгийн газар хуулийн дагуу ажиллах ёстой. Олон улсад үүссэн нөхцөл байдлын улмаас урьдчилан тооцоолоогүй хүндрэл үүсэж, БНХАУ-д цар тахал намжихгүй байна гэсэн шалтгаанаар энэ удаа төсвийг тодотгох гэж буй. Төсвийн тухай хуульд төсвийг ийм шалтгаанаар тодотгоно гэсэн зүйл, заалт байхгүй. Урд хөршид амьдрал хэвийн л үргэлжилж байна шүү дээ. Манай төр, засгийн удирдлагууд яагаад хөрш орнууддаа айлчилж, асуудлаа шийдэж болдоггүй юм бэ. Хоёр хөрштэйгөө хэл амаа ололцож, гуравдагч хөршийн талаар баримтлах бодлогоо зөв хэрэгжүүлбэл гадна ч, дотоодод ч сайхан нөхцөл бүрдэх боломжтой. Төсвөө хэмнэх ёстойг дэмжиж буй ч хандлага нь буруу байна. Тухайлбал, Засгийн газрын өр 26 их наяд төгрөгт хүрсэн. Төсвийн тодотголоор өрийн хэмжээ 33.9 их наяд болж, долоон тэрбумаар нэмэгдэх гэж байна. Ямар ч үр дүнгүй ажил хийж улсын өрийг өсгөх нь. Гэтэл үүнд Хятадтай юаниар хийсэн своп багтаагүй. МАН сүүлийн зургаан жил засаглахдаа Монгол Улсыг өрийн маш хүнд нөхцөлд аваачлаа.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дефолт болоход ойрхон байгаа улс орнуудыг нэрлэж байна. Жишээ нь, Хятадын өрийн хавханд унаж, хүнд байдалд ороход ойрхон байгаа улсуудын нэг нь Монгол боллоо гэж мэдээллээ. Улс орны хэмжээнд реформ хийх таатай үе ирээд байна. Үүнийг бид ашиглах ёстой” гээд АН-аас реформын шинж чанартай хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхийг шаардаж, анхааруулсан зөвлөмжийг Ерөнхий сайдад хүргүүлэхээ онцолсон.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Төсвийн тодотголын хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар тусгасныг дэмжиж байна. Бэлэн мөнгө тараах биш, ажлын байр нэмэгдүүлэн, боломж олгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр эцэг, эхчүүд ажилтай болно. Ер нь цөөн хэдэн хүнийг халж, цомхотгосноор дорвитой хэмнэхгүй. Хамгийн гол нь төрийн өмчийн компаниудад хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн өмчийн компаниудын нийт хөрөнгө нь 40 их наяд төгрөг атлаа жилд 100 хүрэхгүй тэрбум төгрөгийн орлоготой ажилладаг. Гэвч зарлага нь нэг их наяд төгрөгөөс давдаг. Стратегийн ач холбогдол бүхий ордын 10 хувийг ард иргэдэд нээлттэй эзэмшүүлэх цаг нь болсон. Иргэд хувьцаанд хөрөнгө оруулах боломжтой үе ирээд байна. Нөхцөл байдлаа зөв оношилж байж дараагийн алхмаа хийх ёстой. Эдийн засаг агшиж байхад инфляц нэмэгдэж байгаа нь маш аюултай үзэгдэл юм. Өнөө, маргаашийг аргацаан, гал унтраах байдлаар хандаж болохгүй. Эдийн засгаа либералчилж, янз бүрийн дүрэм, журам мөрдүүлдгээ багасгах ёстой. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байж л хямралаас гарна. Хүнсний хомсдол үүсэх аюултай байдал бий болж байгаа тул өөрсдөө үйлдвэрлэх чиглэлд дорвитой алхам хийх шаардлагатай. Эцэст нь анхааруулахад, хэчнээн завхрал байлаа ч төр хувийн өмчид шууд халдаж болохгүй гэдэгт АН-ынхан санал нэгдэж байгаа. Хувийн өмчийг зөвхөн шүүхийн шийдвэрээр л хураах ёстой” гээд боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд дорвитой арга хэмжээ авахыг шаардлаа.
Мэдээллийн дараа бүлгийн дарга Д.Ганбат сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Тулгуурт гүүрэн байгууламж бүхий “Улаанбаатар” хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих төслийн санхүүжилтийн 50 хувь буюу 510 сая ам.долларт Засгийн газраас баталгаа гаргах төслийг төсвийн тодотголтой хамт өргөн барьсан нь нийслэл болон орон нутгаас сонгогдсон гишүүдийг талцуулж байна. Үүнд АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Эл төслийн талаар нийслэлийн удирдлага, ажил хариуцсан хүмүүсээс мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн. Ер нь нийслэлийн иргэдээс асуух ёстой. Манай бүлгийн гишүүдийн хувьд уг төслийн эрчим хүчний эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэхээр тооцсоныг нь илүүтэй лавласан. Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулахад 500 сая ам.доллар хэрэгтэй юм билээ. Бид эрчим хүчний хараат байдлаа халах ёстой.
МАН: УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй
Төсвийн тодотголтой хамт өргөн барьсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ээлжит хуралдаанаараа хэлэлцлээ. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий “Улаанбаатар” хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих төслийн санхүүжилтийн 50 хувь буюу 510 сая ам.долларт Засгийн газраас баталгаа гаргахаар уг төсөлд тусгасан нь гишүүдийн дунд байр суурийн зөрүү үүсгээд буй. Тиймээс тус хуралд Ерөнхий сайд болон нийслэлийн удирдлага оролцож, мэдээлэл өгсөн байна. Олон гишүүн байр сууриа илэрхийлж, удтал хуралдсаны эцэст эл асуудлыг дахин ярилцахаар олонхын бүлгийнхэн тогтжээ. Тодруулбал, УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна.
Түүнчлэн дээрх төсөлд хөнгөн галт тэрэгнээс гадна Тавантолгойн дулааны станц барих санхүүжилтэд ч баталгаа гаргахаар тусгасан аж.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд уг төслийг өргөн барьсан. Нөгөө талаас Ерөнхий сайд энэ оны эхээр БНХАУ-д айлчлахдаа хөнгөн галт тэрэгний шугам тавих төсөл хэрэгжүүлэх санал тавьснаар ажил хэрэг болж байгаа юм билээ. Гэхдээ үүнийг эрх баригч намын гишүүд санал нэгтэй хүлээн авалгүй, хэлэлцүүлгийг нь гацаалаа. Төсвийг тодотгохдоо аймгуудын хөрөнгө оруулалтыг хасаж, танаж байгаа учраас сонгогдсон гишүүд нь эсэргүүцэж, нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эхнээс нь гацааж, бойкот тавьж байгаа юм биш үү?
Д.Тогтохсүрэн: -Нийслэлийн автомашины түгжрэлийг бууруулах ёстой гэдэгт манай бүлгийн гишүүд 100 хувь санал нэгдэж байгаа. Хөдөө, орон нутгийн төсвийг танасантай ямар ч хамаагүй. Гэхдээ хөнгөн галт тэрэгний шугам тавих төслийн төсөвт өртөг, үйлчилгээний үнэ тариф, цаашдын хөгжил гээд нухацтай ярилцах олон зүйл бий учраас дахин сайтар хэлэлцэх ёстой гэж шийдвэрлэлээ. Манай гишүүд бие биедээ бойкот тавиад, хот, хөдөөгөөрөө ялгараагүй.
Ж.Сүхбаатар: -Уг төслийг төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн. Эхлээд төсвөө тодотгох шаардлагатай. Дараа нь тодорхой төслийн санхүүжилтэд Засгийн газраас баталгаа гаргах, эсэхээ шийдэх ёстой гэж санал нэгдлээ. Гэхдээ удах ёсгүй. Богино хугацаанд эрх зүйн гаргалгаатай болох ёстой.
-Засгийн газраас баталгаа гаргавал улсын өрийн хязгаарыг давна гэх болгоомжлол бий. Энэ тухайд юу хэлэх вэ?
Ж.Сүхбаатар: -Өрийн таазны хувьд эрсдэл бий. Гэхдээ өрийн хязгаарыг давахгүй гэж тооцсон. Тийм ч учраас Засгийн газраас уг төслийг өргөн барьсан. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга энэ талаар байр сууриа илэрхийлж буй. Гэхдээ үүнийг нэг хүн шийдэхгүй. Хуулийн зөрчил байгаа, эсэхийг шийддэг байгууллагууд бий. Ер нь гишүүд янз бүрийн өнцгөөс ярина шүү дээ. Төсвийг танаж, хассантай холбоотойгоор эсэргүүцээд байгаа юм биш. Ойлголцох л хэрэгтэй байгаа юм. Ер нь муйхарлан зүтгээд байвал хаана хаанаа хэцүү. Энэ асуудлаар шийдэл бүрэн гаргаагүй байгаа гэсэн үг. Улсын өрийг нэмэгдүүлэх зорилго огтхон ч байхгүй. Ерөнхий сайд том төслүүдээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа ч илэрхийлсэн.
-Хөнгөн галт тэрэгний шугам тавих төслийн төсөвт өртгийг их, бага гээд янз бүрээр ярьж байна. Энэ талаар ярилцсан уу?
Д.Тогтохсүрэн: -Ер нь мэдээллийн зөрүү нэлээд байна. Тиймээс ажлын хэсгийнхэн улс төрийн, хууль, эрх зүйн, санхүүгийн болон нийслэлийн иргэдийн санал бодол гэсэн дөрвөн талаас нь судалж ажиллахаар тогтсон.
Ж.Сүхбаатар: -Манайхан төсөвт өртгийг нь засмал замтай адилхан тооцоод байх шиг. Энэ бол дан ганц зам биш шүү дээ. Гүүрэн байгууламж, хөдлөх бүрэлдэхүүн, зогсоол гээд бүх зүйлийг нь цогцоор тооцож, төсөвт өртгийг нь гаргаснаа албаны хүмүүс хэлж буй.
-Өөр бусад улс орон яг энэ төслийг хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн байдаг юм билээ.
Д.Тогтохсүрэн: -Амжилттай болон зогсож, бүтэлтгүйтсэн төслүүдийн талаар янз бүрийн л мэдээлэл сонсож байна.
-Нийслэлийн удирдлага бүр нэг төсөл ярьж, тэр нь ажил хэрэг болохоос илүүтэй бүтэлгүйтдэг. Энэ нь дараа дараагийн ажилд саад болж байгааг хүлээн зөвшөөрнө биз дээ?
Ж.Сүхбаатар: -Тийм. Гэхдээ олон төсөл бүтэлгүйтсэн учраас цаашид юу ч хийхгүй суух юм уу. Эсвэл бүтэлгүйтлүүдийг даван гарч, иргэдийнхээ итгэлийг нь эргүүлж олж авах уу. Бидний өмнө ийм л сонголт байна. Одоо бид долоо хэмжиж, нэг огтлох ёстой. Нэг асуудлаа нөгөөгөөр нь дарж болохгүй. Нэгэнт улс төрийн шийдэл гаргах гэж байгаа юм чинь, ойлголтын зөрүүгээ тодорхой болгох ёстой. Ялангуяа эрх зүйн хувьд нэгдсэн ойлголттой болох нь чухал.
-Хуралдаа суухгүй хэмээн эсэргүүцсэн гишүүддээ хариуцлага тооцох уу?
Д.Тогтохсүрэн: -Манай гишүүд мэдээллийн зөрүүтэй байсан. Тиймээс ч бүлгийн хуралдаанаар үүнийг хэлэлцэж байгаа нь энэ.
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн хүрээнд зарим асуудлаар гишүүдийн байр суурийг нэгтгэх шаардлагатай гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
Д.Тогтохсүрэн: -Энэ нь анх удаа хэлэлцэж байгаа хууль учраас бүх байнгын хороог хуралдуулан, ярилцсан. Гарцаагүй хагалж, нэг тийш нь болгох шаардлагатай асуудал үүсвэл тухай бүрт нь ярилцаж, саналаа нэгтгэх боломжтой.
Бэлтгэсэн Б.Уран