УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд цахим хөгжлийн багц хуулийг баталсан. Үүнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хууль багтаж буй бөгөөд эдгээрийг дөрөв хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр байгууллага, аж ахуйн нэгжүүд иргэдийн хувийн мэдээллийг дураараа авахгүй, ашиглахгүй болох юм. Багц хуулийг хэрэгжүүлэхэд маш бага хугацаа үлдсэн атал төрийн холбогдох байгууллагынхан ямар ч бэлтгэлгүй сууна. Жишээ нь, төрийн байгууллагууд руу орох бүрт хамгаалалтынхан болон угтах үйлчилгээний ажилтнууд иргэний үнэмлэх нэхэж, регистрийн дугаар тэмдэглэж авдаг хэвээрээ. Тэдний олонх нь цахим хөгжлийн багц хуулийн талаар мэдээлэлгүй. Зарим нь ийм хууль баталсныг ч мэдээгүй гэх. Түүнчлэн дээр дурдсан хуулиудыг хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ынхан холбогдох дүрэм журмыг өдий хүртэл батлаагүй аж.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар бол хүний биометрик, генетикийн мэдээллийг хамгаалж, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд ашиглахыг хориглосон. Биометрик гэдэгт тоног төхөөрөмж, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг мэдээлэл хамаарах юм. Генетик нь биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон, бие махбод, эрүүл мэнд, удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээлэл байна. Дээрх хуульд зааснаар бол эдгээр мэдээллийг зөвхөн тухайн иргэний зөвшөөрлөөр цуглуулах, боловсруулах, ашиглах учиртай.
Гэтэл эмнэлэг, үүрэн холбооны компани, банк, томоохон худалдааны төв, супермаркет зэрэг байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд үйлчлэхдээ хурууны хээ ашиглах нь бараг л уламжлал болсон. Тэгвэл эдгээр байгууллага иргэдэд үйлчлэхдээ регистрийн дугаар, хурууны хээний оронд ямар мэдээллийг нь ашиглах вэ гэдэг нь ч өдгөө тодорхой бус байна. Уг асуудлыг шийдэх үүднээс зарим банк УБЕГ-т хандаж, эхний ээлжид ажилтнууддаа тоон гарын үсэг авахыг хүссэн ч боломжгүй гэх хариулт өгчээ.
Манай улс одоогоос есөн жилийн өмнө Цахим гарын үсгийн тухай хууль баталж, түүнээс хойш 38 407 иргэнд тоон гарын үсэг олгосон гэх. Харин дээрх хуулийн шинэчилсэн найруулгаар Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны хоёр сая 300 мянга орчим иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгох учиртай. Ингэснээр иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо мэдээлэл дамжуулах, солилцохдоо тоон гарын үсэг хэрэглэх боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээлж буй билээ. Гэсэн хэдий ч иргэд өдий хүртэл гарын үсгээ авч эхлээгүй.
Тэр байтугай төрийн байгууллагууд тоон гарын үсэг олгох нь битгий хэл, иргэний бүртгэлийн дугаарыг ч ашиглалтад бүрэн оруулж амжаагүй байна. Уг нь иргэний бүртгэлийн дугаарыг хүн бүрт олгосон бөгөөд регистрийн дугаарын оронд ашиглаж болно гэж УБЕГ-аас өмнө нь мэдээлж байсан. Гэсэн ч бодит байдал өмнөхөөс төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд эмнэлгүүд гэхэд үйлчлүүлэгч иргэдээс регистрийн дугаарыг нь шаардсаар байгаа юм. Хувийн хэвшлийнхэн, ялангуяа банкууд төрөөс тоон гарын үсэг олгочихвол системээ шинэчилж, нэвтрүүлэхээр хүлээж буй гэнэ. Гэтэл төрийн холбогдох байгууллагууд “Ирэх сарын 1-нээс л тоон гарын үсэг олгоно” гэж мэдэгдсэнээс хувийн хэвшлийнхний төлөвлөсөн ажил хойшилж, сунжирсаар буй аж.
Иргэдийн урамшууллын картыг уншуулахдаа хурууны хээг нь авдаг байсан “Номин” их дэлгүүрийн худалдааны зөвлөхөөс тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх цахим хөгжлийн багц хуулийн талаар мэдээлэл авсан, эсэхийг лавлахад “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн талаар мэдээлэл авсан. Ирэх сараас бид иргэдийн хурууны хээ, регистрийн дугаар ашиглахгүй. QR, эсвэл пин код ашиглан үйлчлүүлэгчийн бонус картыг нь уншуулна. Үйлчлүүлэгч нартаа гар утсандаа “Enomin” аппликэйшн татахыг зөвлөж байгаа” гэв.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийнхнээс багц хуулийг дагалдуулан гаргах журмууд боловсруулах ажил ямар шатанд явааг тодруулахад “Манай яамыг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсныг иргэд мэдэж буй байх. Цахим хөгжлийн багц хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд 30 гаруй журам боловсруулах шаардлагатай. Эхний ээлжид 13 журам боловсруулж, холбогдох яамдаас санал авахаар илгээсэн. Мөн олон нийтээс санал авахаар найман журмын төслийг яамны албан ёсны цахим хуудсанд нээлттэй байршуулсан. Үүнд Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, Мэдээллийн аюулгүй байдлын аудит, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит хийх журам, аудит хийх аргачлал, Мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнөх үйл ажиллагаанд зөвлөмж, дүгнэлт гаргах зэрэг журам багтаж байна. Багц хуулиас ач холбогдлоор нь эрэмбэлээд Нийтийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмуудыг түрүүлж гаргахаар шаргуу ажиллаж байгаа. Хууль батлагдсан даруйд маргааш нь журам гаргах боломжгүй. Маш их тооцоо, судалгаа хийх шаардлагатай” хэмээсэн юм. Тус яамнаас өмнө нь тавдугаар сарын 1 гэхэд бүх журмыг бэлэн болгоно гэж мэдэгдэж байсан. Гэсэн ч уг ажлаа хугацаанд нь амжуулж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.
Нийтийн мэдээллийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдээлэл авах эрх баталгаажиж, нээлттэй, ил тод болно. Мөн төрийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт хяналт тавих боломж бүрдэнэ гэж холбогдох албаныхан тайлбарласан. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн бичиг баримт, журмуудыг мөн л батлаагүй. Түүнчлэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмууд ч бэлэн болоогүй аж. Товчхондоо, төрийн байгууллагууд цахим хөгжлийн багц хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн биш, иргэд ч мэдлэг, ойлголт дутмаг байна.
Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисст шинэ нэгж байгуулахаар болжээ. Тодорхой хэлбэл, уг хуулийн төслийг батлахтай зэрэгцүүлэн ХЭҮК-ын тухай хуульд ч өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч УИХ-аас төсөв баталж өгөөгүйтэй холбоотойгоор уг нэгжийг өнөөдрийг хүртэл байгуулаагүй, орон тоог нь баталсан ч ажлын байранд хүн авч чадахгүй байгаа аж.
Т.ГАНЖАРГАЛ: ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ӨДРӨӨС ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОНО
УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсийн дарга Т.Ганжаргалаас зарим зүйл тодрууллаа.
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Бэлтгэл ажлыг хангасан уу?
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны гуравдугаар сарын 18-ны А/193 дугаар тушаалаар цахим хөгжлийн багц хуулийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт, бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг танилцуулах сургалт, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цахим хөгжлийн багц хуулийн сургалтыг зохион байгуулаад байна.
-Иргэд бүртгэлийн дугаараа хэзээнээс ашиглаж эхлэх вэ?
-УИХ-ын 2009 оны Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай 100 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын 16 буюу түүнээс дээш насны иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж, иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаарыг олгосон. Энэ дугаарыг иргэн иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулаад мэдэх боломжтой. Иргэний бүртгэлийн дугаар нь цоо шинэ зүйл биш. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлж, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгодог бүх төрлийн лавлагаанд ашиглаж буй. УИХ-ын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх болон төрөөс олгож байгаа баримт бичгүүдэд бичих талаар уг хуулийн төсөлд тусгасан юм. Түүнчлэн иргэний бүртгэлийн дугаарыг суурь болон төрөлжсөн бүртгэлийн мэдээллийн сан үүсгэхэд, төрийн болон бусад байгууллага хоорондоо мэдээлэл солилцоход ашиглахаар төсөлд заасан. Иргэний бүртгэлийн дугаар нь тухайн иргэнийг илэрхийлэх өгөгдөлгүй, өөрчлөгддөггүй, давхцахгүй тоо учраас хэрэглээнд түлхүү нэвтрүүлэх нь олон талын ач холбогдолтой.
-Цахим гарын үсгийг яагаад хууль хэрэгжүүлэх өдрөөс эхлэн тарааж байгаа юм бэ. Өмнө нь олгож болоогүй юм уу?
-Хууль хүчин төгөлдөр болох өдөр буюу 2022 оны тавдугаар сарын 1-нээс тоон гарын үсгийг олгох эрх нь улсын бүртгэлийн байгууллагад үүсэж байгаа. Харин энэ хугацаанаас өмнө буюу одоо 2011 онд баталсан Цахим гарын үсгийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Тус хуульд зааснаар тоон гарын үсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгож байсан, одоо ч үргэлжлүүлэн олгосоор байна. Өмнө нь авсан гарын үсгээ ашиглаж болно гэсэн үг.