Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод 1990 онд нэгдэн орсноос хойш Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг батлан хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоо, үйлчилгээг бий болгон, салбар бүрийн оролцоог тэгш ханган ажиллахыг зорьж байна. Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооноос хүүхдийн эрхийн хэм хэмжээг тогтоосон стандартуудыг эмхэтгэж, нийт байгууллагуудын албан хэрэгцээнд цахимаар тараажээ. Хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх хуулийн этгээд хүүхдийн эрхийг бодитой хангах үүргээ хэрэгжүүлэх, мөн холбогдох байгууллагууд хяналт тавихад уг стандартад заасан хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой аж. Тодруулбал, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхтэй холбоотой эрүүл ахуй, орчны болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд болон олон нийтийн арга хэмжээ, хүүхдийн тоглоомын талбай, үзвэр үйлчилгээн дэх хүүхдийн хамгааллын үйлчилгээний стандартуудыг нэгтгэжээ.