Монгол Улсын Засгийн газрын 2020 онд "Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байх" тогтоол баталсан. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл тогтоол гарган тавдугаар сарын 1-нээс хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга нарт зориулсан талбарын сургалт зохион байгуулж, тогтоол шийдвэр, журмын хэрэгжилт, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны үйл явцтай танилцаж буй. Энэ амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн яамны удирдлага Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөгөө, бэлэн байдал, эрсдэлийг үнэлэх, аймаг орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах төлөвлөгөөг боловсронгуй болгох, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах сургалт хийжээ. Энэхүү сургалтанд 21 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл болсон нийт 70 гаруй удирдах ажилтнууд оролцлоо.