-Монгол улсын 1,2 сая хүүхэд хүүхдийн мөнгө авч байна-
- Дэлхийн 23 улс нийт хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэдний нэг нь Монгол Улс. Монгол Улсын хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгө нь дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болдог сайн хөтөлбөрүүдийн нэг.
- Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт жигд олгох нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэдэг.
- Хүүхдийн мөнгийг сар бүр тогтмол олгосноор хүүхэдтэй өрхүүд баталгаат орлоготой болж, хэрэглээгээ төлөвлөх, зохицуулах боломжийг олгодог.
- Өнөөдөр хүүхдийн мөнгөний бодит хэмжээ буурсаар байна. 2012 онд 20,000 төгрөг нь 14 ам.доллартой тэнцдэг байсан бол өнөөдөр 7 ам.доллартой тэнцэх болсон. Өнөөдөр 20,000 төгрөгөөр иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ 2021 оныхтой харьцуулахад огцом буурсан. Тиймээс мөнгөн тэтгэмжийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэх хэрэгтэй байдаг.
- Өрхүүдэд олгож байгаа аливаа мөнгөн тэтгэмж эргээд эдийн засгийн эргэлтэд орж өсөлтийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар мөнгөн тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд олгосон 1 ам.доллар бүр эдийн засагт 1.3 - 2.5 ам.долларын өгөөж авчирдгийг нотолсон.
- Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох нь ядуурлыг бууруулах хүчирхэг зэвсэг юм. Монгол Улсын хувьд хүүхдийн мөнгө нь хүн амын орлогын ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. АХБанкнаас хийсэн судалгаагаар Засгийн газраас КОВИД-19 цар тахлын эсрэг олон арга хэмжээ авсны дотор хүүхдийн мөнгийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн эерэг нөлөөтэйг харуулсан.
- Бэлэн мөнгө өгөх нь иргэдийн халамжаас хамаарах байдлыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулдаг гэдэг нь нотлогдоогүй. Харин ч эсрэгээрээ нийтлэг өрхийн орлогоос хамаарсан мөнгөн тусламжид хамрагддаг өрхийн хувьд нэмэлт орлого олохоор хөдөлмөр эрхлэх боломжийг эрэлхийлдэг байна. Учир нь тухайн өрхийн орлого нэмэгдсэн ч мөнгөн тусламжид үргэлжлүүлэн хамрагдах боломжтой.
- Мөнгөн тэтгэмж олгосноор архи, тамхины худалдан авалт нэмэгддэг гэдэг нь нотлогдоогүй. Бусад оронд хийсэн судалгаагаар архи, тамхины худалдан авалт нь нийт хүнсний зардлын 1-2 хувийг эзэлдгийг тогтоожээ. Мөн ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас цар тахлын үеийн нийгмийн хамгааллын арга хэмжээний талаар хийсэн судалгаанаас харахад нийт өрхийн ердөө 0.2 хувь нь хүүхдийн мөнгөний нэмэгдлээс архинд зарцуулсан байна.
- Хүүхдийн мөнгийг олгодог тогтолцоотой байснаар Засгийн газраас цар тахлын үед нийт хүүхэдтэй өрхийн 98 хувь цаг алдалгүй хүрч мөнгөн тусламжийг хамгийн үр дүнтэй хүргэж чадсан. Ингэснээр нийт хүүхэдтэй өрхийн бараг 80 хувь нь цар тахлын үед хоол хүнсний хэрэглээгээ багасгах, эрүүл мэнд боловсролын зардлаа танах, нэмэж зээл авах зэрэг сөрөг арга хэмжээ авахаас сэргийлжээ.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түүний ач холбогдол, давуу тал, өрхийн амжиргаанд үзүүлэх нөлөөг харгалзан бүх хүүхдэд ижил тэгш олгох нь улс төрийн хувьд эерэг шийдэл бөгөөд өртгийн хувьд боломжийн хувилбар юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардалд Монгол Улс ДНБ-ийнхээ 0.7 хувийг зарцуулж ирсэн ба тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн ч ДНБ-нд эзлэх хувь өмнөхтэй ойролцоо байх ба энэ нь улс орны ирээдүйд оруулж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт байх болно.
Эх сурвалж: Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Cан