ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулав. Үндэсний хэмжээнд бүртгэгдсэн амьгүй төрөлтийн 2022 оны 1-р улирлын байдлыг танилцуулж, цаашид амьгүй төрөлтөөс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдаж явууллаа. Хуралд эх барих эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 170 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн танхим ба цахимаар оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Чинзориг “Ихсийн эмгэг ураг амьгүй болоход нөлөөлөх нь” сэдвээр мэдээлэл хийлээ.
ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон "Өсвөр насны ба 35-аас дээш насны эхчүүд амьгүй ураг төрүүлэх эрсдэл нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, ихсийн архаг дутмагшилд хэвийн байрласан ихэс цагаас урьтаж ховхрох, манас таталтын урьдал, шээс, бэлгийн замын эмгэгүүд нөлөөлсөн. Мөн жирэмсэн үеийн ихсийн хэт авиан шинжилгээ, хүйн судас ба умайн артерийн доплер шинжилгээг зөв хийж, дүгнэх шаардлагатайг анхааруулав.
Архангай, Баян-Өлгий аймгийн эмч нараас ихсийн дутмагшлын оношилгоо, эмчилгээний талаар нарийвчлан тодруулж, оролцогчид харилцан саналаа солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.