Соёлын яамнаас олон улсын Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах өдрийг тохиолдуулан “Гэрэлт хөшөө, хад чулуун дээр хадгалагдсан соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээ онол практикийн хурлыг Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран зохион байгууллаа.
Хурлын сэдвийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орших түүх, соёлын үл хөдлөх өвийг хамгаалах чиглэлээр эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн олон талт судалгаа, ажлын үр дүнг танилцуулахаас гадна баримтат өвийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэн гарц шийдлийн талаар оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан хүчин зүйлс, хөдөө хээр орших эртний бичгийн дурсгалын хадгалалт хамгаалалтын байдалд сөргөөр нөлөөлж байгаагийн сацуу аялагч, жуулчид хад чулууны толигор гадаргуу болон хөшөө чулуун дээрх эртний бичээс дээр тоо, үсэг давхарлан сийлэх, элдэв зураг зурах, чулуулгийг гэмтээх зохисгүй үйлдэл гаргаж үнэ цэнтэй байдлыг дордуулах явдал тасрахгүй байна.
Эдгээр сөрөг нөлөөллийг буруулах, арилгах, дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдээх явдал төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, шинжээч мэргэжилтнүүд зэрэг оролцогч талуудын хойшлуулшгүй зорилт болоод байна. Энэ зорилтыг хангахад эрдэм шинжилгээ, онол, практик хосолсон энэ төрлийн хурал, зөвлөлдөх уулзалтууд чухал ач холбогдолтой юм.
Соёлын яамнаас соёлын баримтат өвийг хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, орчин үеийн техник технологи, арга зүйг нутагшуулах, хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, энэ хүрээнд мөрдөж байгаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтийн баримтат өвийг хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний оролцоог хөхиүлэн дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэн баримтат өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэхийг зорин ажиллаж байна.
Энэ удаагийн хуралд оролцогчид гэрэлт хөшөө, хад чулуун дээрх бичээсүүдийн тайлал, хамгаалалтын өнөөгийн байдал, сэргээн засварлах олон улсын туршлагын асуудлыг тодорхой хүрээнд сэдэвчлэн авч үзэн, шийдлийн хувилбарыг дэвшүүлж, байр сууриа илэрхийлсэн. Эдгээр асуудлаар зөвлөж, хэлэлцэх нь соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг зөв зүйтэй төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг олгохоос гадна цаашид энэ чиглэлийн хурал, уулзалт, зөвлөгөөн, симпозиумыг тогтмол зохион байгуулж байх тал дээр санал нэгдлээ.