Монгол Улс Морин хуурын чуулгатай болсны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Улсын филармони, Морин хуурын чуулгынхан ойн хүрээнд үзэгч, олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн олон ажлын нэг нь тус чуулгыг үүсгэн байгуулагч морин хуурч, багш, Ардын жүжигчин Ц.Батчулууны төрсөн өдрийг тэмдэглэх арга хэмжээ юм.
Үүний хүрээнд “Ардын жүжигчин Цэндийн Батчулуун мэндэлсний 70 жилд” хүндэтгэлийн тоглолтыг ДБЭТ-т зохион байгууллаа. Тоглолтын эхний номер монгол ардын уртын дуу “Саруул тал” байв. Үүнийг чуулгын гоцлол хөгжимчин, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр тэртээ 30 жилийн өмнө багш нь хэрхэн тоглож байснаар, тэр үеийн вибрафон хөгжимтэй нь хослуулан үзэгчдэд хүргэсэн нь сонирхолтой байсан юм. Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Цэцэгт нуурын хөвөөнд”-ийг морин хуурын дөрвөл, Н.Жанцанноровын “Цагаан суварга”-ыг чуулгаараа тоглосон гээд дарааллаар нь тоочвол өнгөрсөн 30 жилийн турш үзэгч олондоо хүргэж, сонсгож ирсэн сор бүтээлүүдийг нэрлэх болно. Тоглолтыг олон жилийн турш хөтөлсөн Г.Равдан гавьяат уран бүтээлийн анд Ц.Батчулууныхаа тухай дурсан, хүүрнэн тайлбарласан нь сэтгэл хөдөлгөм байв. Мөн уран бүтээлчид нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Наадмын дэнж” бүтээлийг тоглохын өмнө түүний олонд алдаршсан “Сэтгэлийн эгшиг”-ийг чуулгынхаа анхны төгөлдөр хуурч Ц.Уртнасангийн хамт үзэгчдэд хүргэсэн юм. Ингэснээр тэрбээр 25 жилийн дараа дахин хамт олонтойгоо тайзнаа уулзлаа.
Энэхүү тоглолтыг угтуулж Морин хуурын чуулга, “Цэндийн Батчулуун сан”, “Жанцанноров сан”, “Урлаг алхам” төрийн бус байгууллага хамтарч “Таван нүдэн” байгууллагын дэмжлэгтэйгээр морин хуурт зориулсан бүтээлийн урын санг баяжуулах, тоглоочдын чадварыг сорих, хөгжмийн зохиолчдыг дэмжих, сургалтын баазыг арвижуулах зорилгоор жижиг хэлбэрийн бүтээлийн анхдугаар уралдаан зохион байгуулсан юм. Шүүгчид нийт 39 бүтээл сонсож, шалгаруулахад хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Ш.Өлзийбаяр “Глиссандо ба стикато” зохиолоороо нэгдүгээр байрт, Ж.Энхбаяр “Ноктюрн”-аараа хоёр, СУИС-ийн багш Ц.Эрдэнэбат “Санахуй” бүтээлээрээ гуравт шалгарсан. Мөн Консерваторын багш Х.Алтангэрэл “Тэмүүлэл”, СУИС-ийн багш Д.Ариунболд “Тоглохын талд”-аараа тусгай байрт шалгарч, тус сангийн шагналыг хүртэв. Морин хуурын чуулга нэрэмжит шагналаа “Эмхтэй, эмхгүй” хэмээх зохиолоороо мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан залуу хөгжмийн зохиолч Э.Нармандахад олгосон. Уралдаанд эхний гурван байр эзэлсэн хөгжмийн зохиолчдын бүтээлийг энэ үдэш үзэгчдэд анхлан сонсголоо. Энэ үеэр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай уулзаж шинэхэн туурвилынх нь талаар мэдээлэл авсан юм. Тэрбээр “Долоон минут орчмын “Глиссандо ба стикато” гэдэг зохиол бичсэн. “Гулсаа ба үсэргэх” гэмээр юм уу. Тийм агуулгатай. Хуурын нумыг үсэргэж тоглоно гэсэн үг. Өмнөх бүтээлүүдээсээ арай өөрөөр хандахыг зорьсон” гэв.
Тоглолтын төгсгөлд хөтлөгч Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханыг үг хэлэхийг урихад маэстро “Багш минь бидэнд “Өөрсдийнхөө байгуулсныг өөрсдөө устгах шиг муухай юм байхгүй шүү” гэж хэлж байсан юм. Үүнийг нь захиас гэж ойлгож, багшийнхаа төлөө, морин хуурын төлөө хичээдэг” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн. Тус чуулгыг байгуулсан цагаас нь түүхийг нь мэдэх, социализмын үед Соёлын яамны орлогч сайдаар ажиллаж байсан Ж.Баатарцогтын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Энэ чуулгыг байгуулсан ухаантнууд бол Ц.Батчулуун, Э.Жанцанноров хоёр юм. Тэд дэлхийд ч гаргаж чадсан. 2006 онд МҮХАҮТ-аас уг чуулгыг Монгол Улсын имиж буюу нүүр царай гэж өргөмжлөхөд санал нэгдэж байлаа. Мөн чуулгынхан өнгөрсөн намар ОХУ-ын Санкт-Петербург хотод Мариинский театрт тоглоход манай улсын Филармонид удирдаачаар ажиллаж байсан Хохлов гуай ирж сонссон байсан. Тэрбээр “Ямар сайхан юм бэ. Энэ чуулгын тоглолт симфони оркестрынх шиг сонсогдож байна. Гоё байна. Монголдоо очих юм сан” гэжээ. Би энэ дүгнэлтэд их баярласан. Морин хуурын чуулга хэрхэн өсөж, хөгжсөнийг тэр том удирдаач хэлээд өглөө шүү дээ” гэж байлаа.
“Ардын жүжигчин Цэндийн Батчулуун мэндэлсний 70 жилд” хүндэтгэлийн тоглолт бол Морин хуурын чуулгын 30 жилийн ойд зориулсан олон арга хэмжээний нэг нь. Чуулгын менежер Ж.Уугантуяа “Энэ жилийн турш үзэгчдэдээ өөр олон сайхан бэлэг барина. 30 жилийн ойн тоглолт ирэх аравдугаар сарын 1-нд болно. Мөн 10-12 дугаар сард гадаад орнуудад аялан тоглох юм” гэлээ. Энэ үдэш ДБЭТ-т цугласан үзэгчид, албаныхан хуурын чуулгынхны тухай, морин хуурын талаар ярилцсаар байсан юм.
Морин хуурын чуулгатай холбоогүй ч, монгол соёл, өв, уламжлалд хамаатай таагүй мэдээлэл чих шүргээдхэв. Морин хуур урлалын нэгэн байгууллагаас морин хуурын стандарт боловсруулсан төслөө Стандарт, хэмжил зүйн газарт өгөөд буй аж. Уг төсөлд морин хуур ямар байх ёстой талаар тодорхойлохдоо адууны хялгасны зэрэгцээ нийлэг буюу сатуркан утастай байж болно гэснийг Улсын филармонийн захиргаа, Уран бүтээлийн албанаас эрс эсэргүүцэж, тус газар болон Соёлын яаманд хандан мэдэгдэл хүргүүлжээ. Нийлэг утасны нөлөөгөөр морин хуур хөгжмийн дуугаралт, тембр алдагдаж, язгуур чанараа алдах аюул нүүрлэсэн энэ цаг үед стандартыг ийм байдлаар баталж огтхон ч болохгүй, морин хуур хөгжмийг хөгжүүлж өдий зэрэгт хүргэсэн бүхий л субъектүүдийг оролцуулсан өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, зөв, бурууг шүүж байж шийдэх, батлах ёстой хэмээн Улсын филармонийн захиргаа, Уран бүтээлийн алба, Морин хуурын чуулгын зүгээс үзэж буй юм байна. Ийм нэгэн баяр хөөр, дурсамж, хайр, яриа хөөрөө, уран бүтээлч, ажил хэрэгч шүүмж ч өрнөсөн сайхан үдшийг хамтдаа үдэцгээлээ.