22.30 цаг. Ялаа нисвэл дуулдахаар нам гүм орчин бүрджээ. 30 гаруй оюутан энэ танхимд сууж буй гэхэд дэндүү аниргүй. Номын хуудас эргүүлэх, компьютерын гар товших чимээ л хаа нэг дуулдана. Хоёр, гурваараа суух залуус үе үе шивнэлдэн ярих нь үзэгдэнэ. Ариун цэврийн өрөө орох, гадаа агаарт гарах гэсэн хэсэг нь намс намс алхална. Цонх бараадуулан байрлуулсан гүн цэнхэр өнгийн буйдан дээр зарим нь нурууны чилээ, нүдний хороо гаргана.
Жижүүрлэгч хоёр эмэгтэй шинэ зочдыг үүднээс угтан авч, бичиг баримтыг нь шалган, бүртгэлийн хуудас бөглүүлсний дараа дотогш нэвтрэх зөвшөөрөл өгнө. Үүний дараа хаана суух, суурин компьютер ашиглах, эсэх, нөүтбүүктэй бол түүнийгээ хэрхэн цэнэглэх, ямар дүрэм баримтлах, хэдэн цаг хүртэл гарч, орох боломжтой гээд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг дайна. Бүртгэлийн хуудсанд үйлчлүүлэгчийн регистрийн дугаар, оршин суугаа хаяг, гэр бүл, ойр дотнын хүмүүсийнх нь утас гээд нарийн мэдээллүүдийг бичүүлдэг юм байна. Үүний зорилго, шалтгааныг асуухад “Оюутнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс ийм мэдээлэл авдаг. Оройн цагаар үйлчилгээ үзүүлдэг учраас ямар нэг асуудал, эрсдэл үүсэхээс сэргийлэх ёстой” хэмээн учирлалаа.
Нам гүм байдал ноёлсон, шинэ соёл, хандлага “үнэртсэн” энэ газар бол МУИС-ийн номын сангийн нэгэн танхим. Эднийх 2018 оноос одоогийн шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Олон улсын жишгээр тохижуулж, шинэчлэн өргөтгөсөн гэж тодотгож буй эл номын сан 390 000 орчим ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээл төвлөрүүлдэг гэнэ. Өдгөө нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох фонд, байгаль, нийгмийн шинжлэх ухааны, тогтмол хэвлэлийн, эрдэм шинжилгээний, цахим уншлагын гэсэн найман танхимтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр нь 08.30-20.30 цагт оюутнуудад үйлчлэх хуваарьтай. Харин I давхарт байрлах чөлөөт уншлагын танхимыг МУИС-ийн захиргаа оюутнуудын хүсэлтээр саяхнаас 24 цагаар ажиллуулж эхэлсэн. Номын сангууд нь харуй бүрийтэй уралдаж бүгд хаалгаа барьдаг манай хотынхны хувьд, ялангуяа оюутан залууст энэ нь яалт ч үгүй онцгой үйл явдал. Тиймээс шөнийн номын сангийн байр байдлыг “шинжих”, сонирхох зорилгоор их сургуулийн гудамжийг зорьсон юм.
ХОЁР ДАХЬ ТУРШИЛТ
Тус номын сан нэг удаадаа 750 орчим хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд өдөрт дунджаар 1000 гаруй суралцагч үйлчлүүлдэг байна. Харин 24 цагаар ажилладаг чөлөөт уншлагын танхим 100 суудалтай. Номын сан бүхэлдээ нээлттэй, хичээлийн цагаар энэ танхим 70-80 хувийн дүүргэлттэй байдаг бол шөнө 30-50 оюутан “тунаж үлддэг” гэнэ. Манай сурвалжлах баг очих үед 33 оюутан сууж байлаа.
Тухайн өдөр жижүүрлэж байсан номын санчид “Бид өмнө нь улирлын шалгалтын үеэр зарим танхимаа туршилтын байдлаар 14 хоног 24 цагаар ажиллуулсан. Тэр үед яалт ч үгүй өндөр ачаалалтай байдаг, суудал байнга дүүрдэг. Харин энэ удаа шалгалтын бус үед ачаалал ямар байх нь вэ, цаашид ийм хуваариар ажиллах боломжтой юу гэдгийг тандах зорилготой урт хугацааны туршилт хийж байна. Их, дээд сургуулийн амралт эхэлтэл буюу зургадугаар сарын 10 хүртэл ийм байдлаар ажиллана. Харин ирэх хичээлийн жилд, цаашид яах вэ, ганц энэ танхимыг уртасгасан цагаар ажиллуулсаар байх уу, эсвэл өргөтгөх үү, бүрмөсөн болих уу гэдгийг сургуулийн захиргаа болон номын сангийн удирдлага шийднэ. Шалгалтын бус цагаар ачаалал харьцангуй бага, танхим дүүргэлт дунджаар 50 хувьтай байдаг” гэж ярилаа.
АМРАЛТЫН ӨРӨӨТЭЙ УНШЛАГЫН ТАНХИМ
Чөлөөт сонголттой уншлагын танхимаар үйлчлүүлэх цаг хязгааргүй. Даалгавраа хийх, шалгалтад бэлтгэх, ном унших зорилготой оюутнууд хэчнээн л бол хэчнээн хугацаагаар тэнд суух боломжтой. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах үүднээс амралтын өрөө бий болгожээ. Олон цаг суусан оюутнууд энэ өрөөнд ширээний теннис тоглож, биеийнхээ чилээг гаргадаг гэнэ. Мөн гаднаас авчирсан хоол хүнсээ богино долгионы зууханд халааж идэх боломж бүрдүүлжээ. Шөнийн цагаар хэсэгхэн амрах, нүдний хор гаргах залууст зориулж өнгө өнгийн аяны хөнжлийг тэвхийтэл хураажээ. Шаардлагатай бол гадаа гарч толгойгоо сэргээх, ойролцоох ТҮЦ, үйлчилгээний газраас идэх, уух зүйлсээ базаах боломжтой ч 00.00 цагаас өмнө амжуулах ёстой аж. Учир нь, чөлөөт уншлагын танхим энэ цагаас хойш үйлчлүүлэгч хүлээж авдаггүй, мөн гарах хөдөлгөөнийг хязгаарладаг бөгөөд зөвхөн хонох оюутнууд үлддэг гэнэ. Оюутнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс ийм журам мөрдөж эхэлжээ. Шөнийн цагаар согтуу хөлчүү, янз бүрийн хүмүүс “эргэлддэг” учраас хаалгаа байнга нээлттэй байлгах нь тохиромжгүй гэж үзжээ.
Энэ танхимд суух оюутнуудын номын захиалгыг 18.00 цаг хүртэл хүлээж авдаг юм байна. Ном гэрээр болон танхимаар олгох фондуудын ажиллах цагийн хуваарь хязгаартай учраас хаахаас нь 2-3 цагийн өмнө захиалгаа авдаг хэрэг. Харин тус танхим дахь номуудыг хүссэн үедээ унших, ашиглах боломжтойгоороо онцлог.
ЗӨВХӨН ОЮУТНУУДАД Л ҮЙЛЧИЛДЭГ
Номын санд мөрддөг тусгай журам бий. Гаднаас ном авч орох, чанга дуу чимээ гаргах, бусдын тав тухыг алдагдуулах, утсаар ярих зэргийг хориглодог. Харин тус танхимын ширээ болгон дээр “Уншлагын танхимд идэх зүйл авч орох, бохь зажлах, ширээ, сандал, буйдан зэрэг эд зүйлс дээр эрээчих, номын сангийн ном товхимлыг гамгүй хэрэглэхийг хориглоно” гэж бичжээ. Тэрчлэн ном ашиглахдаа ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн дотоод дүрмийн дагуу хариуцлага тооцно гэсэн анхааруулгыг нүдэнд тусахуйцаар томоо гэгч нь бичиж, үүдэнд хадсан байв.
Залуус хэр соёлтой, “томоотой” үйлчлүүлдэг, хоёр мэргэжилтэн 100 оюутанд хүрч ажиллахад ямар бэрхшээл тулгардаг талаар номын санч Д.Энхээгээс асуухад “Залуусын хандлага, харилцаа их сайхан болсон. Зөрчил бараг гаргадаггүй, дүрэм, журмаа сайн мөрддөг. Ядарч, сүйд болсон зүйл үгүй. Удахгүй хаврын шалгалт эхэлнэ. Тэр үед ачаалал нэлээд нэмэгдэх байх” хэмээн инээмсэглэн өгүүлэв. Мөн ахлах мэргэжилтэн О.Нарантуяа “Манайх нийт 52 номын санчтай. Тэд 24 цагийн уншлагын танхимд хоёр, хоёроороо ээлжлэн ажилладаг. Нэг номын санч сардаа ганц удаа шөнийн ээлжид гардаг зохицуулалттай. Тиймээс ачаалал харьцангуй бага. Эрүүл мэндийн асуудалтай ч юм уу, онцгой шалтгаантай хүмүүсээ энд ажиллуулдаггүй. МУИС-ийн номын сан төрийн өмчийн зургаан сургуультай гэрээтэй. Тэдгээр сургуулийн оюутнуудад тогтсон хуваарийн дагуу буюу долоо хоногийн лхагва, пүрэв гарагт үйлчилдэг. Бусад үед зөвхөн сургуулийнхаа оюутнуудыг хүлээж авдаг. Гаднын хүмүүст үйлчлэх зохицуулалт, журам одоохондоо байхгүй. Гэхдээ хүмүүс маш их ханддаг. Ялангуяа байнгын ажиллагаатай уншлагын танхимд суух, судалгаа хийх зорилгоор зорьж ирэх нь олон. Оройн цагаар ирсэн хүмүүсийг хүлээж авахгүй гээд явуулах хэцүү, тэглээ гээд дотогш нэвтрүүлж болохгүй, үнэхээр бэрхшээлтэй байдаг” хэмээн ярилаа.
“БУСАД ТАНХИМЫГ Ч УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛБАЛ САЙХАН”
Ном уншин “орчлонгоос тасарсан”, хичээлээ хийгээд чөлөө завгүй байгаа оюутнуудад саад болохгүйг хичээн танхимд цаг хэртэй болсны дараа тэдний заримынх нь амыг арга буюу “татаж чангаалаа”. Шөнийн цагаар ажилладаг номын сан хэрэгтэй юү, бэрхшээлтэй зүйл юу байна, өмнө нь хонож байв уу гэхчлэн байцаав. Т.Пэрэнлиймаа “Би МУИС-д магистрантурт сурдаг. Өмнө нь дандаа эрдэм шинжилгээний уншлагын танхимд суудаг байсан. Анх удаа чөлөөт уншлагын танхимаар оройн цагаар үйлчлүүлж байна. Үнэхээр тухтай санагдлаа. Өдөр нь ажилтай, оройгоор л хичээл номдоо цаг зав гаргах боломжтой над шиг хүмүүст ийм газар хэрэгтэй. Дан ганц үүнийг гэлтгүй магистр, докторын түвшний оюутнуудад зориулсан эрдэм шинжилгээний уншлагын танхимыг ч байнга ажилладаг болговол сайхан” гэсэн бол Н.Дэлгэрзаяа “Хоёр цаг хэртэй суучихаад харина. Ойрхон гэртэй учраас орой болтол суухад санаа зовох зүйлгүй амар байдаг. Их даалгавартай, шалгалттай үед энд сууж хичээлээ давтах нь тохиромжтой. Гэрт ингэж төвлөрч, тухтай суух боломж тэр бүр гардаггүй. Түгжрэлд үрдэг цагаа номын санд өнгөрүүлэхэд анхаарч байгаа” хэмээв. Харин Г.Отгонгэрэл “Манайх Налайхад байдаг. 07.40 цагаас хичээлтэй үедээ энд хонодог. Гурав дахиа хонох гэж байна. Би Дотоод хэргийн их сургуульд сурч байгаад Ерөнхийлөгчийн тэтгэлэгт шалгаран, МУИС-ийн бэлтгэл хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Хол гэртэй учраас энд хичээлээ давтаад хонох нь амар, аюулгүй санагддаг” гэлээ.