Төр өөрт байгаа мэдээллийг ашиглах тохиолдолд тухайн иргэнд мэдэгдэл хүргэдэг боллоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өчигдөр мэдээлснээр иргэдэд мэдэгдэл хүргэх системийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Тодруулбал, өмнө нь иргэд өөрийнх нь мэдээллийг хэн авч, хааш нь хэдэн удаа дамжуулсныг мэддэггүй байв. Тэгвэл дээрх системийг хэрэглээнд нэвтрүүлснээр төрд байгаа иргэдийн мэдээллийг аль байгууллагаас хэдэн удаа авсан талаарх мэдэгдлийг иргэд цахимаар хүлээн авч байхаар болжээ. Иргэдэд уг мэдэгдлийг “E-Mongolia” аппликэйшнээр дамжуулан хүргэхийн зэрэгцээ үндэсний и-мэйлийн систем нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогоор “E-Mongolia” аппликэйшнд бүртгэлтэй нэг сая хүн мэдэгдэл хүлээн авах боломж бүрджээ. Үүний тулд уг аппликэйшний шинэчилсэн хувилбарыг татан авах шаардлагатай юм байна. Аппликэйшний шинэчилсэн хувилбарт “Мэдэгдэл” гэсэн цэс нэмсэн бөгөөд тэндээс таны мэдээллийг хэн харсныг цаг хугацаатай нь мэдэх боломжтой аж. Цаашид үндэсний и-мэйлийн систем нэвтрүүлснээр хүн бүрт цахим хаягаар нь мэдэгдэл хүргүүлэх нь. Иргэний бүртгэлийн 12 оронтой дугаараар хүн бүрт и-мэйл хаяг нээх бөгөөд ирэх сарын 1-нээс ашиглах боломж бүрдэх гэнэ.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан “Иргэдийн мэдээллийг төр ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигладаг, хүний эрх зөрчдөг байсан. Өөрийнх нь мэдээллийг хэн ашиглаад байгааг иргэн мэддэггүйгээс хүний эрх зөрчигдөж, цахим гэмт хэрэг гарах үндэс болдог. Тиймээс төр өөрт байгаа мэдээллийг ашиглах тохиолдолд тухайн иргэнд мэдээлж, зөвшөөрөл авдаг тогтолцоо бий болгож байна. Ингэснээрээ хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашигладаг явдалд цэг тавина” гэв.
Бэлтгэсэн: М.ОЧ