Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” эмгэнэлт, түүхэн жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан 1998 онд УДЭТ-ын тайзнаа олонд хүргэж байв. Төр улсаа бүтэн үлдээхийн төлөө өөрийн хайртай бүхнээ золиосолж буй Хүннү улсын хааны эмгэнэлт хувь тавилангийн тухай өгүүлдэг “Тамгагүй төр” гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй.
Хүннү гүрний Арчуг хааны их, бага хоёр хатнаас нэгэн өдөр нуган үрс мэндэлдэг. Хаанд ширээг залгамжлах хөвүүнийг тодруулах хүнд шалгуур ирлээ. Удаан тунгаасны эцэст Арчуг хаан бага хатны хөвүүн Ачирыг хаан ширээнд залгамжилдаг. Учир нь их хатан Цэцэрийн хүү өөрийнх нь мах цусны тасархай биш хэмээн үздэг нь ортой байв. Хаан таалаагүй олон жил болсон байхад тэр хатан нярайлжээ. Түшмэл Эгэрэг хааны бодлыг няцааж, элдвээр ятгаж сэнхрүүлэвч хаан өөрийн бодлыг үнэн гэдэгт эргэлздэггүй.
1998 онд “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав, Эгэрэг түшмэлийг Ардын жүжигчин П.Цэрэндавга нар амилуулж байв. Б.Лхагвасүрэн эл жүжгийн зохиолоо бичихдээ “Арчуг хааны дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжавт зориулав” хэмээн тэмдэглэснийг найруулагч Ч.Найдандорж дурссан байдаг. Тайз, дэлгэцийн мастер Л.Жамсранжавыг таалал төгссөний дараа Арчуг хааны дүрд уран уншлагын нэрт мастер, Ардын жүжигчин Г.Равдан, 2015 оноос Ардын жүжигчин Б.Жаргалсайхан тогложээ.
Тэгвэл гурав дахь “Тамгагүй төр”-ийг “Херо” энтертайнмент, УДЭТ хамтран энэ сарын 17-ноос үзэгчдийн хүртээл болголоо. Жүжгийг Б.Баатар найруулж, М.Есөнмөнх продюсероор ажиллажээ. Бүжиг дэглээчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баярбаатар, Х.Хашхүү, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бирваа, Б.Одбаяр, зураачаар Д.Ганзориг нар ажилласан байна. Найруулагч Б.Баатар “Б.Лхагвасүрэн гуайг амьд ахуйд эл жүжгийг үзэгчдэд толилуулахаар зөвлөж, тайзны скиз зургаа гаргаад байсан. Жүжгийн үндсэн шугам уламжлал ёсоороо өрнөх боловч дүрүүдийн үг, үйлдэл, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг контемпорари бүжгийн чөлөөт хөдөлгөөн, бүжигчдийн чөлөөт сэтгэмжээр дахин тодотгож илэрхийлэхээр найруулсан нь нэг тайзнаа нэг жүжгийг театрын урлагийн хэд, хэдэн төрлөөр үзэх боломж бүрдүүлсэн” гэв. Түүнчлэн босоо тэнхлэгээр хэдэнтээ өөрчлөгдөх тайзыг монгол газар нутгийн археологийн олдворуудын зураглал, дүрсээр чимж бүтээжээ. Мөн хүннүчүүдийн сэтгэлийн баяр, гунигийг илтгэх эртний ятгын дуншсан цохилго, хүннү цуурын хүнгэнэсэн аялгуугаар хоёр мянганы өмнөх түүхийг өгүүлэх аж. Дахин мэндэлсэн “Тамгагүй төр”-ийн Арчуг хаанд жүжигчин Г.Эрдэнэбилэг, Эгэрэг түшмэлд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, их хатан Цэцэрт Гавьяат жүжигчин У.Уранчимэг, бага хатан Гүргэлд жүжигчин О.Дөлгөөн нар хувирч буй. Түүнчлэн Ардын жүжигчин П.Цэрэндагва, жүжигчин Ш.Доржсүрэн, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр нарын уран бүтээлч тоглож буй.
А.Тайшир