Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу жил бүр зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдэд А аминдэм өгдөг. Үүний хүрээнд өчигдрөөс дээрх насны хүүхдүүд өрх, тосгоны эрүүл мэндийн төвөөр дамжуулан А аминдэм өгч эхлэв. Энэ нь хүүхдийн нүдний хараа, мэдрэл, дархлааны системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, арьс салстыг хамгаалах, хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чухал нөлөөтэй. Түүнчлэн амьсгалын замын төрөл бүрийн халдварт өвчин, улаан бурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг аж. Манай улсад тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутагдал өндөр байдаг. А аминдэм дутагдахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайших шинж тэмдэг илэрдэг гэнэ. Хүүхдийг эл аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд өрх, сумын эмнэлэгт хандан, жилд хоёр удаа буюу тав, арваннэгдүгээр сард заавал уулгах шаардлагатай юм байна.
Бэлтгэсэн М.ОЧ