Найруулагч Л.Номин “Хүрд” баримтат киногоо 2020 онд бүтээсэн. Тус бүтээл нь олон улсын 10 гаруй наадамд сонгогдож өрсөлдсөнөөс баримтат киноны дэлхийн хамгийн том, нэр хүндтэй наадам болох IDFA (The international documentary film festival)-аас шагнал хүртэж байв. “Хүрд”-ийг өнгөрсөн онд “Алтан өргөө” олон улсын наадмын үеэр Монголын үзэгчдэд хүргэсэн бол энэ сарын 13-наас кинотеатруудаар гаргаж эхэллээ. Дэлхийн 20 гаруй орны үзэгчдэд хүргэсэн уг кинонд эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд хүмүүс амиа хорлох шийдвэрийг юуны улмаас гаргадаг болох, гэр бүл, найз нөхөд, нийгэм нь уг үйлдлийг хэрхэн тайлбарладаг талаар, бие, сэтгэлийн туулж дуусашгүй ямар шаналалд ордгийг харуулжээ. Киноны найруулагч Л.Номин киноныхоо Монгол дахь нээлтийг цар тахлын улмаас хойшлуулсаар одоо л хийж буйг онцолсон. Түүнчлэн “Сүүлийн 30 гаруй жилд Монголд амиа егүүтгэх үзэгдэл ихсэж байгаа нь ямар учир шалтгаантай вэ. Нийгэмд тэр бүр хөнддөггүй энэ үзэгдэл Монголд өдөр тутамд зөрчигддөг хүний эрх, үнэт зүйлс, итгэл үнэмшлийн хямрал, шударга ёс, тэгш байдал, эрх чөлөө боомилогдсоор байгаатай холбоотой юу гэдгийг хөндөхийг хүссэн” гэсэн юм. Мөн тэрбээр кинонд архи, согтууруулах ундаанд гүн орох, амиа егүүтгэх, ганцаардах, сэтгэхүйн дарамтад орох зэрэг нийгмийн өөрчлөлтийн явцад гарч буй эмзэг үеийг хүмүүсийн бодит амьдралаар тусгаж харуулснаа тодотгосон. Нөгөөтээгүүр, “Өнөөгийн нийгэмд хүнийг хайрлах хайр, үнэлэх үнэлгээ гэж байна уу” гэсэн асуултыг уг киногоороо тавьжээ.