Төрийн албаны зөвлөлөөс танилцуулсан үйл ажиллагааны болон албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн 2021 оны тайлангаас харахад төрийн албан хаагчийн тоо 2020 оныхтой харьцуулахад 1.9 хувиар буюу 3853-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, тухайн хугацаанд Монгол Улсын хүн амын 6.3, нийт ажиллах хүчний 17.1 хувь нь төрийн албан хаагч гэсэн статистик юм.
Үүнийг дэлгэрүүлбэл, Үндсэн болон бусад хууль тогтоомжийн хүрээнд төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үйлчилгээ хүргэх үйл ажиллагааг төрийн 4206 байгууллагын 208 864 албан хаагч хэрэгжүүлжээ. Ийм өсөлттэй гарсан нь шинээр байгуулсан 28 цэцэрлэг, дөрвөн сургууль, зургаан эмнэлэг, үндэсний үнэт зүйл, өв соёлоо дээдлэх, иргэдийг соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий 11 байгууллага, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 19 агентлаг, Шүүхийн сахилгын хороо, МОНЦАМЭ агентлаг зэрэг 70 байгууллага шинээр бүртгэгдсэнтэй холбоотой гэнэ.
Ташрамд өгүүлэхэд, тус тайланд дурдсанаар төрийн албан хаагчдын 0.3 хувийг 21 хүртэлх насныхан бүрдүүлсэн бол 61-ээс дээш насныхны эзлэх хувь 7.1 байна. Хамгийн өндөр үзүүлэлттэй нь 31-35 насныхан буюу 18.2 хувь байгаа бол 13.9 хувиар удаалсан нь 41-45 насныхан аж. Энэ талын үзүүлэлт буюу төрийн албанд ажиллагсдын дундаж нас өнгөрсөн жилд 39.2 болж 2020 оныхоос 0.84 пунктээр доошилсон дүн юм байна.